Олон улсын нэршил: Цефотаксим
Худалдааны нэршил: Таксим, Вонтаксим, Цефотим, Цефотаксим, Цефотаксим натри, Калфоксим, Сеонелксим, Цефосин, Нобаксим, Корус цефотаксим, Унитаксим, Синоаксим, Посетил тарилга, Кионгбо цефотаксим, Ажу цефотаксим натрийн давс.
Эмийн найрлага: 1 флаконд( бортогонд ) 1,0 гр цефотаксим натри агуулагдана.
Эмийн хэлбэр: тарилгын уусмал бэлтгэх нунтаг.
Хэрэглэх заалт:
Цефотаксим нь доорхи нянгуудийн эсрэг мэдрэг үйлчилнэ: Staphylococcus, streptococcus, Neisserias, Haemopilus influenza, Escherichia coli, Citrobacter, Salmonella, Klebsiella, Enterobacter, Serratia, Proteus, Yersina enterocolitis, Clostridum, bacteroides, Pseudomonas aeruginosa, Streptococcus faecalis
Дараах халдваруудын эмчилгээнд цефотаксимыг хэрэглэнэ.
- Амьсгалын доод замын халдварууд: уушигны үрэвсэл, уушигны буглаа
- Заг хүйтний хүндрээгүй хэлбэр
- Шээсний замын халдварууд
- Бактеремия/ септицемия
- Хэвлийн хөндийн халдварууд
- Арьсны халдварууд
- Эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчнүүд: аарцгийн хөндийн үрэвсэлт өвчин, эндометрит, параметрит
- Төв мэдрэлийн системийн халдварууд: менингит, вентрикулит
Мэс ажилбарын үед болон түүний өмнө, дараа үед халдвараас урдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ (хэвлийн эсвэл үтрээний гистерэктоми, хоол боловсруулах болон шээс бэлгийн замд хийгдэх мэс ажилбарууд г.м).
Хэрэглэх арга ба тун:
Цефотаксимийг булчин эсвэл судсаар тарьж хэрэглэнэ.
Насанд хүрэгсэд ба 12-оос дээш насны хүүхдэд: Тун болон хэрэглэх арга нь үүсгэгч нянгуудын мэдрэг байдал, халдварын зэрэг, өвчтөний биеийн байдлаас хамаарна. Хөнгөн дунд зэргийн халдварын үед 1грамаар 12 цагаар хэрэглэнэ. Хүнд хэлбэрийн халдварын үед 12гр хүртэл нэмэгдүүлэн хонигийн тунг 2-4 хуваан тарьж хэрэглэнэ.
Нярай болон 12-оос доош насны хүүхдэд: хоногийн нийт 50-100мг/кг тунг 2-4 хуваан булчинд болон судсанд тарина.
Дутуу төрсөн нярайд хоногийн тунг 50мг/кг-аас хэтрүүлж болохгүй.
Бөөрний үйл ажиллагааны дутагдалтай өвчтөнд креатинины клиренс 5мл/мин-аас бага тохиолдолд үндсэн тунгийн хагасаар хэрэглэнэ. Тухайн өвчтөнд хэрэглэх тунг үүсгэгч нянгийн мэдрэг байдал, халдварын зэргээс хамааран тохируулна.
Хориглох заалт:
Цефотаксим натри болон пенициллин, цефалоспорины бүлгийн антибиотикт хэт мэдрэг хүмүүст хэрэглэхгүй.
Анхааруулга:
Хоол боловсруулах замын доод хэсэг тэр дундаа бүдүүн гэдэсний үрэвсэлээр (колит) өвдөж байсан асуумжтай өвчтөнд цефотаксимийг болгоомжтой хэрэглэнэ.
Гаж нөлөө: Доорхи шинж тэмдгүүд илрэх тохиолдолууд байдаг:
Бэлдмэлд хэт мэдрэгшил: арьс улайх, загатнах, халуурах.
Хэсэг газар: судсаар тарьсан хэсэгт үрэвсэх. Булчинд тарьсан хэсэгт өвдөх, хатуурах болон зөөлрөх.
Хоол боловсруулах зам: бүдүүн гэдэсний үрэвсэл, суулгах, огиулах, бөөлжих. Хуурамч мембраны колитын шинж тэмдгүүд цефотаксимийн эмчилгээний туршид мөн түүний дараа илэрч болзошгүй.
Цусны тогтолцоо: нейтропени, цагаан эсийн тоо түр хугацаагаар буурах, эозинофилия, тромбоцитопени, агранулоцитоз бий болсон тохиолдолууд бүртгэгдсэн байна. Цефотаксим ба цефалоспорины бүлгийн антибиотик эмчилгээ хийх явцад зарим өвчтөнүүдэд Кумбсын сорил эерэг гардаг. Цус задралийн цус багадалтын цөөн тохиолдол бүртгэгдсэн байна.
Шээс бэлгийн тогтолцоо: үтрээний үрэвсэл, мөөгөнцөр
Төв мэдрэлийн тогтолцоо: толгой өвдөх
Элэг: АЛАТ, АСАТ, сийвэнгийн шүлтлэг фосфотаза болон ЛДГ түр хугацаагаар ихсэх тохиолдолууд бүртгэгдсэн байна.
Бөөр: Ийлдэсийн мочевин болон креатинины хэмжээ ховор тохиолдолд ихэсдэг.
- Жирэмсний үед:
Амьтан дээр хийсэн туршилтаар урагт сөрөг нөлөө үзүүлээгүй боловч жирэмсэн эмэгтэй хэрэглэхэд аюулгүй гэдэг нь батлагдаагүй. Иймээс жирэмсэн үед тэр дундаа эхний 3 сард хүлээх үр дүн, гарч болох эрсдэлийг сайтар тооцохгүйгээр цефотаксимыг хэрэглэж болохгүй.
- Хөхүүл үед:
Цефотаксим бага хэмжээгээр хөхний сүүнд ялгардаг. Хөхүүл эхэд болгоомжтой хэрэглэнэ.
Эмийн харилцан үйлчлэл:
Аминогликозидийн бүлгийн антибиотик болон хүчтэй үйлдэлтэй шээс хөөх эм (фуросемид г.м) хэрэглэж байгаа өвчтөнд өндөр тунгаар цефалоспорины бүлгийн антибиотик хэрэглэхдээ болгоомжлох шаардлагатай, учир нь эдгээр эмийн бэлдмэлүүдийг хавсарч хэрэглэх үед бөөрний үйл ажиллагааны идэвх буурч болзошгүй. Цефотаксимийг зөвлөсөн тунгаар хэрэглэсэн тохиолдолд бөөрөнд хоруу нөлөө үзүүлэх магадлал бага.
Үл зохицол (Зохимжгүй хослол):
Цефотаксимийн уусмалыг аминогликозидын уусмалтай хольж хэрэглэхгүй. Хэрвээ өвчтөнд цефотаксим болон аминогликозидыг хавсрах шаардлагатай бол тарилгын уусмалуудыг хооронд нь холихгүй, тус тусад нь тарьж хэрэглэнэ.
Тун хэтрэлт:
Тун хэтэрсэн тохиолдолд бөөрний дутагдал, эргэх энцефалопати үүсэх эрсдэлтэй. Ийлдэсийн цефотаксимийн хэмжээг хэвлийн диализ болон гемодиализын тусламжтайгаар бууруулна.
Эм зүйн анхааруулга:
Тарилгын эм бэлдмэлийг хэрэглэхийн өмнө агуулагдах бодис, өнгөний өөрчлөлт зэргийг нь харж хянана. Флаконтой хуурай бэлдмэлийг 25Сº – аас доош хэмд, нарны гэрэл шууд тусахгүй газар хадгална. Тарилгын уусмалыг бэлдсэн даруйдаа булчинд эсвэл судсаар тарьж хэрэглэх нь илүү тохиромжтой. Хэрэглээгүй тохиолдолд бэлдсэн уусмалыг 24 цагийн дараа устгана. Хадгалах явцад эмийн бэлдмэлийн өнгө өөрчлөгдөж болзошгүй боловч зааврын дагуу хадгалсан тохиолдолд эмийн идэвхи, аюулгүй байдал өөрчлөгдөхгүй.
Хадгалалт: Тасалгааны температурт битүү саванд хадгална.
Эмийн олгох нөхцөл: жороор олгоно.