Мика Монгол Мика Монгол

ЦЕФАЛЕКСИН

Олон улсын нэршил: цефалексин

Худалдааны нэршил: Ауроцеф, Цефалексин, Аксел-Цефалексин, Икодин

Эмийн найрлага:  

250-500 мг цефалексинтай тэнцэх хэмжээний  цефалексины  моногидрат агуулагдана.

Эмийн хэлбэр: капсул, хуурай сироп, хөвмөлийн нунтаг.

Эмийн үйлчилгээний бүлэг: Цефазолин нь бета лактамын цагирагт бүтэцтэй цефалоспорины бүлгийн 1-р үеийн антибиотик.

Фармакологийн үйлдэл: Цефалексин хоол боловсруулах замаас бараг бүрэн шимэгддэг. Харин цефалексиныг хоол хүнстэй хамт хэрэглэвэл шимэгдэлтийн хурд удаашрах боловч шимэгдэн орох эмийн хэмжээнд мэдэгдэхүйц өөрчлөлт орохгүй. Бие махбодид өргөн тархах боловч  тархи нугасны шингэнд их хэмжээгээр нэвтэрдэггүй. Бие махбодийн дотор хувиралд ордоггүй. Хэрэглэсэн бүх эмийн 80% илүү хувь шээсээр дамжин өөрчлөлтгүй байдлаар гадагшилдаг.

Хэрэглэх заалт:

Тухайн  бэлдмэлд мэдрэг бактерийн дараах халдваруудад хэрэглэнэ. Үүнд:

Амьсгалын замын халдварууд: цагаан мөгөөрсөн хоолойн цочмог ба архаг үрэвсэл ба цагаан мөгөөрсөн хоолой тэлэгдэх өвчний  сэдрэлийн үед

Чих хамар хоолойн өвчин: дунд чихний үрэвсэл,  чихний хөхлөг сэртэнгийн үрэвсэл (мастоидит), хамрын дайвар хөндийн үрэвсэл (синусит),  гүйлсэн булчирхайн фолликуляр үрэвсэл ба хоолой-залгиурын үрэвсэл.

Шээс бэлгийн замын халдвар: цочмог ба архаг  пиелонефрит,  давсаг ба түрүү булчирхайн үрэвсэл ба шээс дамжуулах замын халдвар дахихаас сэргийлэх зорилгоор.

Яр хүйтэн өвчний үед (пенициллин хэрэглэхэд тохиромжгүй байвал).

Эх барих, эмэгтэйчүүдийн  халдварт өвчинд, арьс зөөлөн эд, ясны  халдварт

Шүд, эрүү нүүрний мэс ажилбарын дараа: шүдний гаралтай халдварыг эмчлэх зорилгоор. Жишээ нь зүрхний хүнд эмгэгтэй өвчтөнд шүдний мэс ажилбар хийх үедээ пенициллиний оронд хэрэглэж болно.

Хэрэглэх арга ба тун: Зөвхөн ууж хэрэглэнэ.

Насанд хүрсэн ихэнх эмчлүүлэгчдэд дор дурьдагдсан схемээр эмчилгээг хийхэд  үр дүн сайтай байдаг бол  бас цөөнгүй тооны эмчлүүлэгч хоногт 1-2 г тунгаар ууж  байж үр дүнд хүрдэг.

Насанд хүрэгчид ба 12-с дээш насны хүүхдэд:

Хоногт 500 мг тунгаар 3 удаа. Хүнд биш халдвартай  өвчтөнд, ялангуяа амбулаториор эмчлүүлж байгаа  нөхцөлд хоногийн тунг тэнцүү 2 хуваан хэрэглүүлэх боломжтой, тухайлбал шээс дамжуулах замын халдвартай эмчлүүлэгчид өдөрт 1 гр тунгаар 12 цагийн зайтай уулган хэрэглүүлнэ.

Харин хүнд хэлбэрийн ужгирсан халдвартай хүнд, нянгийн мэдрэг чанар сул байгаа тохиолдолд, эмийн тунг 1 г-р өдөрт 3 удаа цаашлаад  1,5 г тунгаар өдөрт 4 удаа хүртэл нэмэгдүүлэн хэрэглэх хэрэгтэй.

Хүүхдэд хэрэглэх: 

  • 0-1 настай хүүхдэд:  хоногт кг жин тутамд 25 –  60 мг.
  • 1 – 2 настай хүүхдэд: 62,5 -аас  125 мг  тунгаар өдөрт 4 удаа эсвэл 125-аас  250 мг тунгаар өдөрт 2 удаа
  • 3- 6 настай хүүхдэд: 125 -с 250 тунгаар өдөрт 4 удаа эсвэл  250 -с  500 мг тунгаар өдөрт 2 удаа
  • 7-12  настай хүүхдэд: 250 -с  500 мг  тунгаар өдөдрт 4 удаа, эсвэл  500 мг-с  1 г  хүртэл тунгаар өдөрт 2 удаа уулгаж хэрэглэнэ. 

Эмчилгээг үргэлжлүүлэх хугацаа:

Ихэнх цочмог халдваруудын үед өвчний шинж тэмдэг бүрэн арилж, өвчтөний биеийн байдал сайжирсны дараа эмчилгээг  дахин 2 хоног үргэлжлүүлээд зогсоох боломжтой байдаг бол  шээс дамжуулах замын архагшсан,  хүндэрч ужгирсан, дахин сэдэрсэн өвчний үед  эмчилгээг  2 долоо хоногийн турш тасралтгүй  ( 500 мг тунгаар өдөрт 4 удаа) хийх шаардлагатай.

 Бөөрний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн дутагдалтай (креатинины клиренс <10 мл / мин) өвчтөнд эмийн тунг ердийнхөөс 2 дахин бууруулан өгөх стандартыг баримтлах хэрэгтэй.  

Бөөрний үйл ажиллагааны дутагдалтай хүмүүст  эмийн  хоногт хэрэглэх дээд тунг (насанд хүрэгчдэд 6 г, хүүхдэд 4 г) дутагдлын зэргээс хамааран дараах байдлаар бууруулан өгнө. Үүнд: бөөрний үйл ажиллагааны хөнгөн хэлбэрийн дутагдалтай бол тунг 50%, дунд зэргийн дутагдалтай бол 75%, хүнд  хэлбэрийн үед 87,5% хувиар бууруулна. Харин диализ эмчилгээ хийлгэж байгаа насанд хүрэгчдэд, ээлж эмчилгээ бүрийн дараа 500 мг цефалексиныг нэмж уулгах бөгөөд  тухайн өвчтөн хоногт нийтдээ 1 гр тунг авсан байхаар тооцно. Дээрх тохиолдолд хүүхдэд  кг жин тутамд  8 мг тунг нэмж уулгана.

Хориглох заалт:

Цефалоспорины бүлгийн эмэнд хэт мэдрэг (харшилтай) хүмүүст хэрэглэхийг хориглоно.

АНХААРУУЛГА, СЭРЭМЖЛҮҮЛЭГ:

Цефалексиныг пенициллинд хэт мэдрэг хүмүүст болгоомжтой хэрэглэнэ.  Цефалексин эмчилгээг хийж байх явцад хийгдсэн шээсэнд саахар тодорхойлох шинжилгээний үр дүн буруу гарах магадлалтай. Бөөрний үйл ажиллагааны дутагдалтай хүмүүст эмчилгээг болгоомжтой хийх хэрэгтэй. Бактерийн эсрэг үйлдэл бүхий бараг бүх эм, түүний дотор  цефалексины нөлөөгөөр хуурамч мембрант  колит  өвчин үүсч байсан тохиолдол бүртгэгдсэн бөгөөд энэ өвчний явц- хөнгөн хэлбэрээс амь насанд аюул учруулах хүртэл хүнд байх магадлалтай.  Тиймээс цефалексин  бэлдмэлийг хэрэглэсний дараа суулгалт илэрсэн  өвчтөн бүрийг сайтар шинжлэн дээрх өвчнийг бүрэн тодруулах буюу үгүйсгэх шаардлагатай.

Цефалексиныг удаан хугацаагаар хэрэглэсний дараа түүнд мэдрэг бус бактериудын өсөлт үржил хэт идэвхжих (супер халдвар үүсэх) магадлалтай. Супер халдвар үүссэн тохиолдолд шаардагдах арга хэмжээг нэн даруй авах хэрэгтэй байдаг. Иймээс эмчлүүлэгч  эмчилгээний явцад заавал эмчийн хяналтанд байвал зохино.

 Жирэмсэн ба хөхүүл эхийн хэрэглээ

Цефалексин бие махбодийн дотор өргөн тархдаг бөгөөд эхэсээр дамжин ургийн цусанд, мөн эхийн сүүнд бага хэмжээгээр нэвтрэн ордог.  Тиймээс жирэмсэн эх ба хөхүүл эмэгтэй энэ бэлдмэлийг болгоомжтой хэрэглэх ёстой.

ГАЖ НӨЛӨӨ:

Цефалексины хамгийн элбэг тохиолдох гаж нөлөө бол: ходоод гэдэсний хямрал ба харшлын урвалууд (арьсан дээр тууралт, чонон хөрвөс гарах, халуурах, захын цусанд эозинофилийн хэмжээ ихсэх, “сийвэнгийн өвчин” төст урвалууд ба анафилакси г.м) болно.

Бусад эмүүдтэй  харилцан үйлчлэлцэх:

Цефалексин нь жирэмслэлтээс сэргийлэх эстроген агуулсан, ууж хэрэглэдэг бэлдмэлүүдийн үйлдлийн хүчийг бууруулдаг.  Пробенецид эмтэй хамт хэрэглэхэд цефалексины гадагшлалт буурдаг; аминогликозидын антибиотик-гентамицин гэх мэт бөөрөнд хортой нөлөөлдөг эмүүдтэй хамт хэрэглэвэл цефалексины бөөрөнд үзүүлэх хортой нөлөөний эрсдэл ихсэнэ. Мөн фруктемид  зэрэг шээс хөөх эмүүдийг хамт хэрэглэх үед  бөөрөнд хортой нөлөө үзүүлдэг.

Хадгалах нөхцөл:

Хайрцагтай бэлдмэлийг сайтар таглаж, нарны шууд тусгалаас хамгаалагдсан газарт, 30°С- с доош хэмд хадгал.  Хүүхэд хүрэхээргүй газарт хадгал.

Эмийн олгох нөхцөл: Зөвхөн жороор.