Хавдрын хими эмчилгээ хийлгэсний дараа халдвар авах, цус алдах, арьсны өвчин үүсэх эрсдэл ихэсдэг. Хими эмчилгээний дараа эрүүл байхын тулд амаа арчлах, халдвараас сэргийлэх зэрэг арчилгаа, арга хэмжээг сайн авах хэрэгтэй.
Гэртээ гарсаны дараах анхаарах зүйлс
Хими эмчилгээ хийлгэсний дараа ам шархлах, ходоод гэдэс өвдөх, суулгах шинж тэмдэг илэрнэ. Амархан ядарна. Хоолны дуршил муудах ч хоол, унд идэж уух хэрэгтэй болно.
Амны арчилгаа
Хими эмчилгээнээс шалтгаалан ам хуурайшиж, шархалдаг. Ингэснээр аманд нян үржиж, амны халдвар үүсэн бусад эрхтэнрүү халдвар тархдаг.
- Шүд, буйлаа өдөрт 2-3 удаа 2-3 минутын турш сойздож угаана. Зөөлөн үстэй сойз хэрэглэнэ.
- Шүдний сойзыг агаарт хуурай байлгана.
- Фтортой шүдний оо хэрэглэнэ.
- Өдөрт 1 удаа шүдний утсаар цэвэрлэнэ.
Давс, хүнсний содын уусмалаар амаа өдөрт 4 удаа зайлна. Тал цайны халбага буюу 2.5 г давс, тал цайны халбага буюу 2.5 г хүнсний содыг 240 мл усанд хольж найруулна.
Эмчийн жороор ам зайлагч хэрэглэнэ. Спирттэй ам зайлагч хэрэглэж БОЛОХГҮЙ.
Уруул хатаж, хагарахаас сэргийлж уруул арчилгааны бүтээгдэхүүн тогтмол хэрэглэнэ. Ам дахин шархалж, өвдвөл эмчид хандах хэрэгтэй.
Сахар ихээр агуулсан хоол, унд хэрэглэж БОЛОХГҮЙ. Сахаргүй бохь зажилах, сахаргүй зайрмаг идэх, сахаргүй хатуу чихэр идэх хэрэгтэй.
Хиймэл шүд, шүдний аппарат зэрэг шүдний хэрэгслүүдийг арчлах хэрэгтэй.
- Хиймэл шүд зүүдэг бол зөвхөн хоол идэх үедээ зүүнэ. Хими эмчилгээ хийлгэснээс хойшхи эхний 3-4 долоо хоног ийм байдлаар явна. Эхний 3-4 долоо хоногт хиймэл шүдийг өөр зорилгоор зүүж болохгүй.
- Хиймэл шүдийг өдөрт 2 удаа сойздож угаана. Усаар сайн зайлна.
- Хиймэл шүдийг зүүгээгүй байх үедээ нян, халдварыг устгах зорилгоор нянгийн эсрэг уусмалд хийж тавина.
Халдвараас урьдачилан сэргийлэх
Хими эмчилгээ хийлгэснээс хойшхи 1 ба түүнээс дээшхи жилд халдвар авахгүйг хичээх хэрэгтэй.
Хавдрын эмчилгээний үед хоол, хүнсний аюулгүй байдлыг хангах хэрэгтэй.
- Дутуу болгосон, муудсан хоол, унд хэрэглэж БОЛОХГҮЙ.
- Усны цэвэр байдлыг анхаарч хэрэглэх
- Хоол ундаа хэрхэн чанаж болгох, аюулгүй хадгалах аргыг мэддэг байх
- Гадуур хооллохдоо анхааралтай байх. Түүхий хүнсний ногоо, мах, загас, баталгаагүй санагдсан ямар ч хүнсийг хэрэглэж БОЛОХГҮЙ.
Дараах тохиолдлуудад гараа усаар савандаж тогтмол угаана:
- Гаднаас орж ирэхдээ
- Цэр, нус, цус зэрэг биеэс ялгарсан шингэнд хүрсэний дараа
- Живх солисоны дараа
- Хоол хүнсэнд хүрэхийн өмнө
- Утсаар ярьсаны дараа
- Гэрийн ажил хийсний дараа
- Бие зассаны дараа
Гэрээ цэвэр байлгана. Хүн их цугласан газраас хол байна. Ханиад хүрсэн хүнтэй уулзахдаа амны хаалт зүүхийг гуйх юм уу уулзахгүй байх хэрэгтэй. Цэцэг, ургамал ногоотой харьцаж, ажиллаж болохгүй.
Гэрийн тэжээвэр амьтан, малтай болгоомжтой харьцана.
- Муур тэжээдэг бол гэрээс гаргахгүй байх хэрэгтэй.
- Муурны ялгадсыг хүмүүсээр цэвэрлүүлдэг байх
- Мууранд маажуулж, хазуулахад халдвар авах боломжтой учир болгоомжтой харьцах
- Нохой, муурны зулзага зэрэг амьтны зулзаганд ойртохгүй байх
Ямар төрлийн вакциныг хэзээ хийлгэхийг эмчээс асууж зөвлөх хэрэгтэй.
Өөрийгөө арчлах бусад аргууд
- Төвийн вен, захын судсанд гуурс тавиулсан бол хэрхэн арчлахыг мэддэг байх
- Цусны ялтас эсийн тоо багассан бол хавдрын эмчилгээний үед цус алдалтаас хэрхэн сэргийлэх аргыг мэдэх
- Идэвхитэй алхдаг байх. Биеийнхээ эрч хүчинд тохируулан алхах зайгаа аль болох ихэсгэх
- Биеийн жингээ хэвийн байлгахын тулд хангалттай уураг, илчлэгтэй хоол идэх
- Хангалттай шим тэжээл, илчлэгтэй шингэн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх
- Наранд гарахдаа болгоомжтой байж, саравчтай малгай өмсөнө. SPF 30 болон түүнээс дээш үзүүлэлттэй нарны тосыг биеийн ил гарсан арьсан дээр түрхэж хэрэглэнэ.
- Тамхи татаж БОЛОХГҮЙ.
Эмч, эмнэлгийн хяналт
Хавдрын тусламж үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагын хяналтанд ойрхон байх шаардлагатай болно. Үзлэгийн хуваарь бүрийг таслалгүй үзүүлэх хэрэгтэй.
Ямар үед эмчид хандах вэ?
Дараах шинж тэмдгүүдийн аль нэг нь илэрвэл эмчид хандана:
- Халуурах, жихүүцэх, хөлрөх зэрэг халдварын шинж тэмдэг илрэх
- Суулгалт намдахгүй байх, цустай суулгах
- Дотор муухай оргих, хүчтэй бөөлжих
- Идэж, ууж чадахгүй байх
- Эрс сульдах
- Судсанд суулгасан гуурсны орчим улайх, хавдах, цус гоожих
- Арьсанд дээр шинээр тууралт, цэврүү гарах
- Шарлах (арьс, нүдний цагаан шар өнгөтэй болох)
- Хэвлийгээр өвдөх
- Толгой хүчтэй өвдөх, намдахгүй байх
- Ханиалга ихсэх
- Тайван байх, энгийн хөдөлгөөн хийх үед амьсгал давчдах
- Шээхэд хорсож өвдөх