Хөхний хэлбэр, хэмжээг өөрчлөх мэс засал хийгдэнэ. Хөх өргөх, хөх багасгах, томруулах мэс засал хийдэг.
Эмнэлэгт байх хугацаа
Ерөнхий болон хэсгийн мэдээ алдуулалтан дор мэс засал хийгдэнэ. Хийх ажилбарын төрлөөс хамааран 1 болон түүнээс их цаг зарцуулагддаг.
Мэс заслын дараа цээж, хөхийг тойруулж боосон боолт хийнэ. Зүсэлт хийсэн газарт гуурс байрлуулсан байдаг. Мэдээ орсоны дараа өвдөлт, хавдар илрэх нь хэвийн үзэгдэл юм. Ядардаг. Амарч, хөнгөн үйлдэл хийвэл эдгэхэд тустай. Алхаж явж эхлэхэд сувилагч тусална.
Мэс заслын төрлөөс хамааран эмнэлэгт 1-2 хоног байна.
Гэртээ гарсаны дараах анхаарах зүйлс
Гэртээ гарсаны дараа хөх болон зүсэлт хийсэн газраар өвдөх, хавдах, хөхрөх нь хэвийн зүйл юм. Долоо хоногийн дотор эдгээр шинж тэмдгүүд арилдаг. Мэс заслын дараа хөхний арьс, хөхний толгой мэдээ алддаг. Яваандаа арьсны мэдрэхүй хэвийн болдог.
Өвдөлт, хавдар буутал цөөн хэд хоногт бусдын тусламжийг авч болно.
Биеийн идэвхитэй байдал
Зүсэлт хийсэн шархыг татахгүйн тулд биеийн хөдөлгөөнийг хязгаарлана. Ойрхон зайд алхах нь цусны эргэлт, эдгэрэлтийг сайжруулна.
Тусгай дасгал хөдөлгөөн хийх, хөхөнд массаж хийх аргыг эмчлэгч эмч зааж өгнө. Эмчийн зааснаар гэртээ хийнэ.
Ажилд орох зэрэг үйлдлүүдийг хэзээ хийж болохыг эмчээсээ асууна. Ажилд ортлоо 7-14 хоног хүлээдэг.
Хүнд юм өргөх, хүчилсэн дасгал хийх, гараа хэт сунгах зэрэг үйлдлийг 3-6 долоо хоног хийж БОЛОХГҮЙ. Хүчилсэн үйлдэл нь цусны даралтыг ихэсгэж, цус алдахад хүргэдэг.
Багадаа 2 долоо хоног жолоо барьж БОЛОХГҮЙ. Сэтгэц нөлөөт эм ууж байгаа үедээ жолоо барьж БОЛОХГҮЙ. Жолоо барьж эхлэхээсээ өмнө гараа бүх чиглэлд чөлөөтэй хөдөлдөг болсон байх ёстой. Жолооны хүрд эргүүлэх зэрэг үйлдэл хийхэд хэцүү байж болох бөгөөд аажуухан жолоодно.
Шарх арчлах
2-3 хоногийн дараа гуурсаа авахуулна. 2 долоо хоногийн дараа оёдлоо авахуулна. Зүсэлтийг цавуугаар халхалсан бол өөрөө аяндаа арилна.
Шархны боолт, наалтыг эмчийн зөвлөсөн хугацаанд авна. Шархны боолтыг өдөр бүр солих шаардлага гарна.
Зүсэлт хийсэн газрыг цэвэр, хуурай байлгаж, бооно. Үрэвслийн шинж (улайх, өвдөх, шүүс гарах) байгаа эсэхийг өдөр бүр шалгана.
Боолт хийх шаардлагагүй болсон үед зөөлөн, төмөргүй, бариу хөхний даруулгыг 2-4 долоо хоног зүүнэ.
Шархны гуурсыг авсан бол 2 өдрийн шүршүүрт орж болно. Оёдол, гуурсыг авталаа ваннд орж, усанд сэлж БОЛОХГҮЙ.
Зүсэлтийн сорив бүдгэртлээ хэдэн сараас 1 жил болдог. Сорив бүдэгрүүлэх эмчийн зөвлөгөөг дагана. Наранд гарахдаа нарнаас хамгаалах тос (SPF 30 болон түүнээс дээш) сорвин дээрээ түрхэнэ.
Өөртөө анхаарал тавих
Жимс, ногоо ихтэй эрүүл хоол хүнс иднэ. Шингэн юм сайн ууна. Эрүүл хоолны дэглэм барьж, хангалттай шингэн уух нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, халдвараас хамгаална.
Өвдөлт 3-4 долоо хоногийн дараа арилна. Эмчийн өгсөн өвчин намдаах эмийг ууна. Хоол идсэний дараа хангалттай хэмжээний усаар даруулж ууна. Эмч зөвшөөргүй бол хөхөн дээрээ халуун, хүйтэн жин тавьж БОЛОХГҮЙ.
Өвчин намдаах эм ууж байх үедээ архи ууж БОЛОХГҮЙ. Эмчийн зөвшөөрөлгүйгээр аспирин, аспирин агуулсан эм, ибупрофен ууж БОЛОХГҮЙ. Ямар витамин, нэмэлт бүтээгдэхүүн болон өөр бусад эмийг хэрэглэж болохыг эмчээсээ асууна.
Тамхи татаж БОЛОХГҮЙ. Тамхи татах нь эдгэрэлтийг удаашруулж, хүндрэл гарах, халдвар авах эрсдлийг ихэсгэнэ.
Ямар үед эмчид хандах вэ?
- Өвдөлт, улайлт, хавдар, шар, ногоон өнгөтэй шүүс гарах, цус гарах, зүсэлт хийсэн газар цус хуралт ихсэх
- Тууралт гарах, дотор муухай оргих, бөөлжих, толгой өвдөх зэрэг эмийн гаж нөлөө илрэх
- 38 хэмээс дээш халуурах
- Мэдээ алдах, хөдөлгөөн муудах
Хөх огцом хавдвал мөн эмчид хандана.