Эмийн худалдааны нэр: Фентанил
Олон улсын нэр: Фентанил цитрат
Эмийн найрлага: Фентанил цитрат, тарилгын нэрмэл ус
Гадна байдал: Өнгөгүй, тунгалаг уусмал
Фармакологийн бүлэг: Наркозын үйлдэлтэй өвдөлт намдаах бэлдмэл
Фармакологийн үйлдэл:
Фентанил бол опийн бүлгийн, нийлэг гаралтай, хүчтэй үйлдэлтэй өвдөлт намдаах эм бөгөөд үйлдэл нь түргэн эхэлж богино хугацаагаар үргэлжилдэг. μ-oпиоид рецепторын хүчтэй агонист. Хүний тархи, нугас (ТМС) болон бусад эдэд тархан байрладаг μ-опиоид рецептортой харилцан нөлөөлж өвдөлт намдаахын зэрэгцээ өвдөлтөд үзүүлэх сэтгэл хөдлөлийн хариу урвалыг сулруулдаг.
Фармакокинетик:
Булчирхайлаг эд болон араг ясны булчинд сайтар тархдаг. Элгэнд хувирч, шээсээр ялгарна. Уурагтай холбогдолт 80–85%. Хагас задралын хугацаа 2-4 цаг. 60% нь шээсээр метаболит хэлбэрээр, 10% хувиралгүйгээр ялгарна.
Хэрэглэх заалт:
Ерөнхий мэдээ алдуулалтанд ихэнхдээ нойрсуулах эмтэй хамт хэрэглэдэг. Нугасны мэдээ алдуулах уусмалын найрлаганд оруулан хэрэглэж болно (эпидураль буюу интратекал/нугасны). Учир нь фентанил нь липидэд сайн уусах тул хэсэг газар үйлдэл үзүүлэхдээ морфиноос илүү байдаг. Мидазолам зэрэг бензодиазепинүүдтэй хавсруулан дотор эрхтэн дурандах, зүрх сэтгүүрдэх, амны хөндийн мэс ажилбар зэрэг өвдөлтөт ажилбаруудын үед хэрэглэж болно. Мөн хавдрын архаг өвдөлтийн хөнгөвчлөх эмчилгээнд хэрэглэдэг.
Хэрэглэх арга ба тун:
Булчин болон судсаар тарьж хэрэглэнэ.
Ерөнхий мэдээ алдуулалтад нэмэлт эмийн зорилгоор:
Насанд хүрэгсдэд: Бага тунгийн эмчилгээнд: 2 мкг/кг тунгийн венийн судсаар;
Дунд зэргийн тунгийн эмчилгээнд: 2-20 мкг/кг тунгаар венийн судсаар тариад, цаашид 25-100 мкг/кг тунгаар венийн судсаар буюу булчинд шаардлагатай хэмжээгээр;
Их тунгийн эмчилгээнд: 20-50 мкг/кг тунгаар венийн судсаар тариад, цаашид 25 мкг/кг тунгаас эхний ачааллын тунгийн хагас тунгаар венийн судсаар тус тус тарьж хэрэглэнэ.
Бүсчилсэн хэсгийн мэдээ алдуулалтад нэмэлт эмийн зорилгоор:
Насанд хүрэгсдэд: 50-100 мкг тунгаар булчинд эсвэл судсаар 1-2 цагийн зайтай удаанаар буюу тохирох дэглэмээр тарина.
Мэс ажилбарын дараа:
Насанд хүрэгсдэд: 50-100 мкг тунгаар булчинд 1-2 цагийн зайтай буюу тохирох дэглэмээр тарина.
Мэс ажилбарын өмнө:
Насанд хүрэгсдэд: 50-100 мкг тунгаар булчинд мэс ажилбараас 30-60 минутын өмнө тарьж хэрэглэнэ.
Хориглох заалт:
Тухайн бэлдмэлд хэт мэдрэгшсэн хүн хэрэглэхийг хориглоно. Кесар мэс заслын болон ураг төрөөгүй байхад хийгдэх эх барихын бусад мэс ажилбарууд, амьсгал дарангуйлагдсан шинж бүхий байдлууд, уушигны үрэвсэл, уушиг шалчийх өвчин, шигдээс, гуурсан хоолойн багтраа зэрэг амьсгалын замын гөлгөр булчин агшсан шинж бүхий тохиолдлууд, экстрапирамид системийн өвчнүүд, цусны бага эргэлтийн даралт нэмэгдэх зэрэг эмгэгүүдийн үед хэрэглэхийг хориглоно.
Болгоомжлол:
Өндөр настан, гавлын хөндийн даралт ихэссэн бэртэл гэмтэл, уушигны архаг бөглөрөлт өвчин, амьсгалын багтаамж багасах, амьсгалын замын ноцтой эмгэг, элэг, бөөрний эмгэг, зүрхний хэм удааширсан үед тус тус болгоомжтой хэрэглэнэ.
Жирэмсэн болон хөхүүл эх:
Хөхүүл үед бэлдмэлийг хэрэглэх шаардлага гарвал хөхөөр хооллолтыг зогсооно. Эмнэлгийн нөхцөлд эмчийн хяналтан дор хэрэглэнэ.
Гаж нөлөө:
Суулгах, дотор муухайрах, өтгөн хатах, ам хатах, нойрмоглох, ухаан санаа балартах, астени, хөлрөх, хэвлийгээр өвдөх, толгой өвдөх, ядрах, хоолны дуршил буурах болон жин алдах, толгой эргэх, уцаарламтгай болох, сэтгэл түгших, сэтгэл гутрах, ханиад төст шинж илрэх, диспепси, амьсгаадах, гиповентиляци, шунал, дасал үүсэх, шээс хоригдох, удаан хугацаагаар амьсгалыг дарангуйлах зэрэг гаж нөлөө илэрч болно.
Тун хэтэрсэн үед:
Амьсгал цөөрөх, тасалдах, булчин чинэрэх, амьсгалын төв дарангуйлагдах, артерийн даралт буурах, зүрхний цохилт цөөрөх зэрэг шинж тэмдэг илэрнэ.
Эмийн харилцан нөлөөлөл:
Төв мэдрэлийн системийг дарангуйлах эмүүд, этанол, ерөнхий мэдээ алдуулагчид, нойрсуулах эмүүд, MAO ферментийг саатуулах эмүүд, өвдөлт намдаах наркозын үйлдэлтэй бусад эмүүд, тайвшруулах эмүүд ба сэтгэл гутралын эсрэг гурван цагирагт бэлдмэлүүд нь үйлдлийг нь хүчжүүлдэг тул хамт хэрэглэхдээ ихээхэн болгоомжтой хандах хэрэгтэй. Фентанилын тунг 1/4-1/3 хэмжээгээр багасгаж хэрэглэнэ.
Хадгалах нөхцөл:
250С-аас ихгүй температурт, гэрлээс хамгаалсан нөхцөлд, цоожтой тусгай шүүгээнд хадгална. Хөлдөөж болохгүй!
Олгох нөхцөл:
Мансууруулах эмийн жороор олгоно. Эмнэлгийн нөхцөлд хэрэглэнэ.
Савлалт:
0.5 мл, 1 мл, 1.5 мл, 2 мл-ээр полипропилен (ПП) ампулд савлах ба ампулыг гэрлийн шууд тусгалаас хамгаалж гадна талаар нь бор өнгийн фольганд, хэрэглэх зааврын хамт савлана.