Мика Монгол Мика Монгол

Улаан хоолой тайрах мэс заслын дараах арчилгаа

Улаан хоолойн нэг хэсэг юм уу бүхий л хэсгийг тайрч авах мэс засал хийгдэнэ. Улаан хоолойн үлдсэн хэсгийг ходоодтой нийлүүлж холбодог.

Эмнэлэгт байх хугацаа

Мэс заслыг дурангаар хийсэн бол хүзүү, цээж, аюулхай орчимд хэд хэдэн жижиг зүсэлт хийдэг. Харин нээлттэй мэс засал хийхэд хэвлий, цээж, хүзүүнд том зүсэлт хийдэг.

Гэртээ гарсаны дараах анхаарах зүйлс

Хүзүүндээ шархны гуурстай гарна. Эмчид давтан үзүүлэхдээ энэ гуурсыг авдаг.

Мэс засал хийлгэсний дараах 1-2 сар гуурсаар хооллоно. Үүгээр хэрэгтэй илчлэгээ хангалттай авна. Гэртээ гарсаны дараа тусгай хоолны дэглэм барина.

Өтгөн илүү шингэн, ойрхон гардаг болно.

Биеийн идэвхитэй байдал

Аль хэр хүнд зүйл өргөж болохыг мэс заслын эмчээс асууна. 4.5 кг-аас хүнд зүйл өргөж болохгүй.

Өдөрт 2-3 удаа алхана. Шатаар дээш доош гарч, жолоо барьж болно. Биеийн идэвхитэй үйлдэл хийсний дараа амрах хэрэгтэй. Ямар нэг зүйл хийх үед өвдөж байвал уг үйлдлийг зогсооно.

Гэртээ аюулгүй байдлыг бий болгоно. Унаж, хальтрахаас сэргийлж хивсээ авна. Угаалгын өрөөндөө аюулгүйн бариул суулгана.

Эмчлэгч эмч өвчин намдаах эмийн жор бичиж өгнө. Гэртээ гарах үед уг эм бэлэн байж байхаар бэлдэж авна. Өвдөлт эхэлсэн үед өвчин намдаах эм ууна. Өвчин намдаах эм уухгүй удах нь өвдөлтөнд сөрөг нөлөөтэй.

Шарх арчлах

Шаардлагатай хугацаа болтол шархны боолтыг өдөр бүр солино.

Заасан хугацаанд усанд орно. Шарх анивал эмчийн зөвшөөрлөөр шархны боолтыг авч, усанд орж болно. Шархны наалт, цавууг угааж БОЛОХГҮЙ. Эдгээр нь өөрөө 7 хоногийн дотор унадаг.

Эмчийг зөвшөөртөл ваннд орж, усанд сэлж БОЛОХГҮЙ.

Зүсэлт хийсэн том шархтай бол ханиах, найтаах үедээ дэрээр дарж, өвдөлтийг намдаадаг.

Өөрийгөө арчлах бусад аргууд

Гэртээ гарсан хойно гуурсаар хооллох тохиолдол байна. Оройн цагаар голлон хэрэглэнэ. Хооллох гуурс нь өдөр тутмын үйлдэлд саад болдоггүй. Мэс заслын эмчийн зааварласан хоолны дэглэм, хооллох аргыг дагна.

Гүнзгий амьсгал авах дасгалыг гэртээ хийнэ.

Тамхинаас гарч чадахгүй байвал тамхинаас гарахад туслах эм хэрэглэх талаар эмчээсээ зөвлөгөө авна.

Хооллох гуурсны эргэн тойрны арьс эмзэгшиж өвддөг. Гуурс болон эргэн тойрны арьсыг хэрхэн арчлах зааврыг дагна.

Хяналт

Мэс засал хийлгэсний дараа чанд хяналтанд байна:

  • Гэртээ гарсанаасаа 2-3 долоо хоногийн дараа мэс заслын эмчдээ үзүүлнэ. Мэс заслын эмч шархыг шалгаж, хоолны дэглэмийг хянана.
  • Улаан хоолой, ходоод хоёрын холбоос хэвийн байгааг рентгенээр үзэж шалгана.
  • Хооллох гуурс, хоолны дэглэмийнхээ талаар хоол зүйч эмчтэй ярилцана.
  • Хавдрын өвчнөөр өвдсөн бол хавдрын эмчид үзүүлнэ.

Ямар үед эмчид хандах вэ?

  • 38.3 хэмээс дээш халуурах
  • Зүсэлт хийсэн шархнаас цус гарах, улайх, хүрэхэд халуун байх, хатуурах, шар, ногоон өнгөтэй, өтгөн шүүс гарах
  • Өвчин намдаах эмэнд өвдөлт намдахгүй байх
  • Амьсгалахад хэцүү байх
  • Ханиалга намдахгүй байх
  • Ууж, идэж чадахгүй байх
  • Арьс, нүд шарлах
  • Өтгөн шингэрэх, суулгах
  • Хоол идсэний дараа бөөлжих
  • Хөл хавдах, хүчтэй өвдөх
  • Хэвтэх, унтах үед хоолой хорсох