Мика Монгол Мика Монгол

Тавхай тайруулсны дараах арчилгаа

Хөлөө тайруулсны дараагаар эдгэрэх хугацаа нь тухайн хүний биеийн ерөнхий байдал, хүндрэл болсон эсэхээс хамаардаг.

Эмнэлэгт байх хугацаа

Гэмтэлд орох, хөлний үрэвсэл, өвчнөөс шалтгаалан эмчлэх боломжгүй болсон тохиолдолд хөлийг тайрдаг.

Гэртээ гарсаны дараах анхаарах зүйлс

Хөлөө тайруулсанаас шалтгаалан ууртай, цөхөрсөн, сэтгэл гутрах байдалд ордог. Эдгээр мэдрэмжүүд нь хэвийн үзэгдэл бөгөөд эмнэлэгт байх хугацаанд юм уу гэртээ гарсан хойно ихэсдэг.

Энэхүү сэтгэл санааныхаа байдлын талаар эмчлэгч эмчтэйгээ ярилцах хэрэгтэй.

Тулгуур, түрдэг тэргэнцэр хэрэглэж сурах шаардлага гарна. Түрдэг тэргэнцэр дээрээс босож, сууж сурна.

Тайрсан мөчийг орлуулж хийсэн хиймэл эрхтэн зүүдэг. Хиймэл эрхтэн захиалж хийлгэхэд хугацаа орно. Хиймэл эрхтэнд дасахад хугацаа шаардагдана.

Мэс засал хийлгэсний дараах 4-5 өдөрт үе мөчөөр өвдөнө. Тайрсан хөл байгаа юм шиг санагдана. Үүнийг тайруулсан мөч өвдөх хамшинж гэдэг.

Өөртөө анхаарал тавих

Гэр бүл, найз нөхдийн тусламж гарна. Өөрийнхөө сэтгэл санааг тэдэнтэй хуваалцвал сэтгэл санаа дээрдэнэ. Гэр дотор явах болон гадаа гарахад тэд тусална.

Уйтгарт автаж, сэтгэл санаагаар унаж байвал мөчөө тайруулсанаас үүдсэн сэтгэл санааныхаа байдалд сэтгэл зүйчээс зөвлөгөө авах талаар эмчидээ хандах хэрэгтэй.

Чихрийн шижин өвчтэй бол цусан дахь сахарын хэмжээгээ хэвийн байлгана.

Хөлийн цусан хангамж муу бол эмчлэгч эмчийнхээ хоолны дэглэм, эмийн эмчилгээний зааврыг дагна.

Гэртээ гарсан хойноо өөрийн иддэг энгийн хоол хүнсээ хэрэглэнэ.

Гэмтэл авахын өмнө тамхи татдаг байсан бол мэс заслын дараа тамхи татахыг болино. Тамхи татвал цусны эргэлтэнд нөлөөлж эдгэрэлтийг удаашруулна. Тамхинаас хэрхэн гарах талаар эмчлэгч эмчээсээ зөвлөгөө авна.

Шарх, хөлийг арчлах

Эмчлэгч эмчийг зөвшөөрөх хүртэл, мэс заслын дараах 2 долоо хоног ба түүнээс дээш хугацаанд хөлөөрөө үйлдэл хийхгүй. Мэс заслын шархан дээр ямар ч ачаалал өгч болохгүй. Тэр байтугай шарх орчимд ч хүрж болохгүй. Жолоо барьж болохгүй.

Шархыг цэвэр, хуурай байлгана. Ваннд орох, шархыг дэвтээж норгох, усанд сэлэхийг хориглоно.

Шархыг зөөлөн савангаар савандаж усаар угааж болох эсэхийг эмч шийднэ. Шархыг үрж болохгүй. Шархан дээр усыг зөөлөн гоожуулна.

Шарх эдгэрсэн хойно агаарт ил байлгах юм уу эмчлэгч эмчийн зөвлөсөн өөр аргуудыг хэрэглэнэ. Боолтыг авсаны дараа тайрсан хэсгийг усаар савандаж өдөр бүр угаана. Дэвтээж болохгүй. Хуурай болтол арчина.

Хөлөө өдөр бүр шалгана. Толь ашиглаж болно. Улайсан, бохир зүйл гарсан газар байгаа эсэхийг харна.

Тайрагдсан хэсэгт уян боолт, даралттай оймс байнга зүүнэ. Уян боолт хэрэглэж байгаа бол 2-4 цаг тутамд дахин бооно. Атираа, нугалаа үүсгэхгүйгээр бооно. Оронд орохоос бусад үед тайрсан хэсгийн хамгаалалтыг үргэлж зүүнэ.

Өвдөлтийг намдаахын тулд эмчлэгч эмчээс зөвлөгөө авна. Дараах 2 аргыг хэрэглэнэ:

  • Соривны дагуу наалтыг нааж, жижиг тойрог үүсгэнэ.
  • Зөөлөн зотон, хөвөн даавуугаар сорви, тайрагдсан хэсгийг үрнэ.

Гэр дотроо хиймэл хөлтэй болон хөлгүйгээр явах сургуулалт хийнэ.

  • Орноос тэргэнцэр, сандал, ариун цэврийн өрөөрүү явна.
  • Сандалнаас тэргэнцэр хүртэл явна.
  • Тэргэнцэрээс ариун цэврийн өрөө хүртэл явна.

Тулгуур ашиглаж байгаа бол илүү идэвхитэй хөдөлгөөн хийнэ.

Хэвтэх үедээ хөлийг зүрхний түвшнээс өндөрт байлгана. Суухдаа хөлөө ачиж сууж болохгүй. Ингэснээр тайрагдсан хэсэгт очих цусны урсгал боогдоно.

Ямар үед эмчид хандах вэ?

  • Тайрагдсан хэсэг улайх, хөлнөөс дээш чиглэсэн улаан зураас арьсан дээр бий болох
  • Арьс нь хүрэхэд халуун байх
  • Шарх орчимд цүлхийж, хавдсан байх
  • Шархнаас шинээр шүүс, цус гарах
  • Шарх ангайх, шарх орчмын арьс тавигдсан байх
  • Биеийн халуун 38.6 хэм ба түүнээс дээш болох
  • Тайрагдсан хэсэг, шарх орчмын арьс хар өнгөтэй болох
  • Өвдөлт их байх, өвчин намдаах эмэнд намдахгүй байх
  • Шарх томрох
  • Шархнаас эвгүй үнэр гарах