Мика Монгол Мика Монгол

Сарвууны хугарлын дараах арчилгаа

Сарвууны шивнүүр ясны хугарлын үед чиг, гөлтгөнөн боолт хийнэ. Мөн мэс засал хийх шаардлага гарна.

Сарвууны хугарлын хэлбэр

Сарвууны хугарлын байрлалаар дараах хэлбэрүүдэд хуваагдана:

  • Хурууны үен дээр
  • Хурууны үений доогуур
  • Гол, дунд хэсэгт
  • Бугуйн талын, суурь ясан дээр
  • Зөрүүтэй хугарал

Хүнд хугарлын үед мэс засал хийж шургаа, төмөр хэрэгслээр хугарлыг бэхэлдэг.

Авах арга хэмжээ

Чиг зүүнэ. Хуруу, сарвуу, бугуйг оруулсан чиг байна. Чигийг хэр удаан зүүхийг эмчлэгч эмч шийднэ. Ихэнхдээ 3 долоо хоног зүүдэг.

Эдгэсний дараа хурууны үе өөр хэлбэртэй харагдаж, гарын атгалт өөрчлөгдөж болдог.

Дараах хугарлуудын үед мэс засал хийлгэх шаардлага гарна:

  • Шивнүүр яс хугарч, байрнаасаа хөдөлсөн
  • Хуруунуудын хэвийн байрлал өөрчлөгдсөн
  • Хугарал арьс нэвтлэх дөхсөн
  • Хугарал арьс нэвтэлсэн
  • Өвдөлт их байх, улам ихсэх

Өөртөө анхаарал тавих

1-2 долоо хоног хавдаж, өвдөнө. Үүнийг буулгахын тулд:

  • Сарвууны гэмтсэн хэсэгт хүйтэн жин тавина. Мөсөөр хүйтэн жин тавихдаа арьсыг гэмтэхээс сэргийлж гадуур нь алчуураар орооно.
  • Гараа зүрхний түвшнээс дээш өргөнө.

Өвдөлт намдаахын тулд ибупрофен, напроксен, аспирин, ацетаинофен ууж болно. Эдгээр эмүүд жоргүйгээр олгогддог.

  • Зүрхний өвчин, элэгний өвчин, цусны даралт ихсэлт, бөөрний өвчин, ходоодны шарх өвчтэй, цус алдалт болж байсан түүхтэй бол эмчлэгч эмчдээ хэлэх хэрэгтэй.
  • Хүүхдэд аспирин өгч болохгүй.
  • Эмийг зааврын дагуу, хэтрүүлэхгүй хэрэглэнэ.

Чиг зүүхдээ эмчийн зааж өгсөн зааврыг дагана. Дараах үйлдлүүдийг хэзээнээс хийж болохыг эмчлэгч эмч шийднэ:

  • Чиг зүүсэн үедээ хуруугаа хөдөлгөх
  • Шүршүүр, ваннд орохдоо гөлтгөнөн боолтоо авах
  • Чигийг авч гараараа юм хийх

Чиг, гөлтгөнөн боолтыг хуурай байлгана. Шүршүүрт орохдоо чиг, гөлтгөнөн боолтыг нийлэг уутаар орооно.

Хяналт

Гэмтлээс хойш 1-3 долоо хоног дараа эмчдээ хянуулна. Хэд хэдэн хугарал байгаа бол чиг, гөлтгөнөн боолтыг авсны дараа сэргээн засах эмчилгээ хийлгэнэ.

Гэмтлээс хойш 8-12 долоо хоногийн дараа ажлаа хийж, спортоор хичээллэж болно.

Ямар үед эмчид хандах вэ?

Сарвуунд дараах зовиур илэрвэл эмчид хандана:

  • Чинэрч, өвдөх
  • Жирвэгнэх, мэдээгүй болох
  • Улайх, хавдах, шарх ангайх
  • Чиг, гөлтгөнөн боолтоо өмсөх, авахад хэцүү байх