Мика Монгол Мика Монгол

Морфин

Олон улсын нэршил: морфины гидрохлорид

Худалдаааны нэр: Морфин, Морфин гидрохлорид, Вермор-10, Вермор-30, Морфин калцекс

Эмийн хэлбэр:  Тарилга, шахмал

Фармакологийн бүлэг: Наркозын үйлдэлтэй өвдөлт намдаах бэлдмэл

Фармакологийн үйлдэл:

Морфин нь опийн бүлгийн эмүүдийн гол төлөөлөгч юм. Өвдөлт намдаах хүчтэй үйлдэлтэй бөгөөд өвдөлтийн төвийн сэрэмтгий чанарыг бууруулж, бэртэл гэмтлийн үед өвдөлтийн шокын эсрэг найдвартай нөлөө үзүүлдэг. Энэ үйлдэл нь опиатны рецепторыг сэргээж, антиноцицептив системийг идэвхжүүлэхийн зэрэгцээ нугас завсрын нейроны сэрэл дамжуулалтыг саатуулах үйлдэл үзүүлдэгтэй холбоотой. Өвдөлтөөс шалтгаалсан нойргүйдлийн үед их тунгаар хэрэглэхэд нойрсуулах нөлөө үзүүлдэг. Мөн наркозын болон нойрсуулах, хэсгийг мэдээгүйжүүлэх эмүүдийн хүчийг нэмэгдүүлнэ. Үйлдлийн нэг онцлог нь амьсгалын төвийг дарангуйлдаг. Бага тунгаар амьсгалын хөдөлгөөний гүнзгийрэлтийг ихэсгэж амьсгалын тоог цөөрүүлнэ. Харин их тунгаар амьсгалын гүнзгийрэлтийг үлэмж багасган, амьсгалын тоог улам цөөрүүлснээс уушгины хийн солилцоо багасна. Цаашлаад хортой тунгаар хэрэглэвэл амьсгал зогсоно. Морфиныг олон давтан хэрэглэвэл шунал үүсгэж байнга хэрэглэх шаардлагатай болгох ба амьсгалын үйл ажиллагаанд маш хортой нөлөөлдөг тул түүнийг маш явцуу хэрэгцээнд зөвхөн хүчтэй өвдөлт намдаах зорилгоор, нарийн хяналттайгаар хэрэглэнэ. Морфины үйлдэл тарьж хэрэглэхэд 10-15 минутын дараа, дотуур хэрэглэхэд 20-30 минутын дараа эхэлж 3-5 цаг үргэлжилнэ. 

Хэрэглэх заалт:

Гавлын цус харвалтаас бусад гэмтэл, эмгэг процессын үед үүссэн хүчтэй өвдөлтүүд, зүрхний булчингийн шигдээс, шок, их  хэмжээний түлэгдэлт, дотор эрхтнүүдийн цочмог үрэвсэл, бөөр, гэдэс, элэг хүчтэй хатгаж өвдөх болон хорт хавдрын хожуу үед өвдөлт намдаах зорилгоор тус тус хэрэглэнэ.

Хэрэглэх арга ба тун:

Арьсан дор, булчин болон судсанд тарьж хэрэглэнэ.

Насанд хүрэгсдэд 1%-ийн уусмалыг 1 мл-ээр арьсан дор тарьж хэрэглэнэ. Нэг удаагийн дээд тун 0.02г, хоногийн дээд тун 0.05г. 2 хүртэлх насны хүүхдэд морфин хэрэглэхгүй.

Хориглох заалт:

Тухайн бэлдмэлд хэт мэдрэгшсэн хүн, турж эцсэн, ядарч туйлдсан хүмүүс, амьсгалын төв дарангуйлагдсанаас амьсгалын үйл ажиллагаа өөрчлөгдсөн үе, шалтгаан тодорхойгүй хэвлийгээр өвдөх, элэгний эсийн үйл ажиллагааны хүнд дутмагшил, тархины гэмтэл, тархины даралт ихдэх, эпилепсийн байдал, архины цочмог хордлого, 2 хүртэлх насны хүүхдийн дэмийрэл зэрэгт тус тус хэрэглэхийг хориглоно. Мөн МАО ферментэд хориг үүсгэдэг бэлдмэлүүдтэй хамт хэрэглэх болон төрөх үеийн өвдөлт намдаах зорилгоор хэрэглэхийг тус тус хориглоно.

Болгоомжлол:

Бөөрний дээд булчирхайн холтослог давхрын дутагдал, элэг ба бөөрний өвчнүүд, ахимаг насны өвчтөн болон биеийн байдал нь ерөнхийдөө доройтсон өвчтөнүүдэд болгоомжтой хэрэглэнэ. Амьсгалын төв, төв мэдрэлийн систем хэт дарангуйлагдахаас зайлсхийж наркозын бодис, нойрсуулах эм, сэтгэл засах эм, сэтгэл уналын эсрэг эм, солиорлын эсрэг эмүүдийн суурин дээр морфиныг бага тунгаар болгоомжтой хэрэглэж, өвчтөний биеийн байдлыг анхааралтай ажиглана.  

Гаж нөлөө:

Дотор муухайрах, бөөлжих, нойрмоглох, тэнцвэр алдагдах, уймарч будлах, дэмийрэх, өтгөн хатах, ам хатах, хөлрөх, булчин татганах, шээс хаагдах, тууралт гарах, амьсгал дарангуйлагдах, харшлын ба сэтгэл гутралын шинж илрэх зэрэг гаж нөлөө илэрч болно. Морфины эдгээр гаж нөлөөг багасгахын тулд түүнийг атропин зэрэг бусад М-холинолитик эмүүдтэй хамт хэрэглэхийг зөвлөдөг. Удаан хугацаагаар үргэлжлүүлж  хэрэглэвэл морфинд шуналтай болгох дасал үүснэ.

Эмийн харилцан нөлөөлөл:

Опиоидны рецепторыг заримдаг идэвхжүүлэх бупренорфин ба идэвхжүүлэлтийг саатуулах нөлөөтэй налбуфин, буторфанол, трамадол, петидин зэрэг наркозын үйлдэлтэй өвдөлт намдаах эмүүдтэй морфиныг хамт хэрэглэхгүй. Учир нь өвдөлт намдаах үйлдэл нь сулрах ба опий-д донтсон өвчтөнүүдэд эмчилгээг зогсоосноос үүсэх хам шинж сэдэрч болзошгүй. Промедол, фентанил зэрэг опиоидны рецепторыг сэргээдэг эмүүдийн өвдөлт намдаах үйлдэл болон гаж нөлөө нь морфины үйлдэлтэй нийлбэржинэ.

Хадгалах нөхцөл:

250С-аас ихгүй температурт, гэрлээс хамгаалсан нөхцөлд, цоожтой тусгай шүүгээнд хадгална. Хөлдөөж болохгүй!

Олгох нөхцөл:

Мансууруулах эмийн жороор олгоно. Эмнэлгийн нөхцөлд хэрэглэнэ.