Мика Монгол Мика Монгол

Бүдүүн гэдэс тайруулсаны дараах арчилгаа

Бүдүүн гэдсийг тэр чигт нь юм уу аль нэг хэсгийг авах мэс засал, бүдүүн гэдэсний цорго тавиулсны дараа анхаарах, гэртээ өөрийгөө хэрхэн арчлах талаар энд зөвлөх болно.

Эмнэлэгт байх хугацаа

Мэс засал хийлгэх үед болон дараа нь судсаар шингэн дусал хийдэг. Хамраар дамжуулан ходоодонд хаймсуур тавьдаг. Антибиотик эмчилгээ хийгдэнэ.

Гэртээ гарсаны дараах анхаарах зүйлс

Эмнэлгээс гарсаны дараа дараах асуудлууд үүсдэг:

  • Ханиах, найтаах, огцом хөдлөх үед өвдөнө. Энэ байдал хэдэн долоо хоног үргэлжилж болдог.
  • Өтгөн гарахгүй байх, өтгөн хатах
  • Суулгаж гүйлгэх
  • Бүдүүн гэдсэнд суулгасан цоргонд асуудал үүсэх

Өөртөө анхаарал тавих

Гэрийн нөхцөлд өөртөө хэрхэн анхаарал тавих талаар дараах эмчийн өгсөн заавар, зөвлөгөөг дагна.

Хөдөлгөөн:

  • 3-4 долоо хоногийн дараа биеийн энгийн идэвхи, хөдөлгөөнд шилжиж ордог. Хийхийг хориглосон хөдөлгөөн, үйлдлийг мэдэж байх хэрэгтэй.
  • Ойрхон зайд алхахаас эхэлнэ.
  • Хөдөлгөөний идэвхийг аажмаар ихэсгэнэ. Өөрийгөө хүчилж болохгүй.

Өвчин намдаах эм хэрэглэнэ.

  • Өвчин намдаах эмийг өдөрт 3-4 удаа ууж байвал дараа 3-4 өдөр яг адил цагт уух хэрэгтэй. Ингэж өвдөлтийг сайн барьдаг.
  • Сэтгэц нөлөөт эм уусан үед машин, механизм барьж болохгүй. Энэ эм нь хүнийг нойрмог болгож, хариу үйлдэл үзүүлэх хугацааг удаашруулдаг.

Ханиах, найтаах үедээ зүсэлт хийсэн хэсэг дээр дэрээр дарна. Ингэвэл өвдөлт бага үүсдэг.

Шарх арчлах

Оёдол авсаны дараа зүсэлт хийсэн хэсэгт наалт үлддэг. Энэ наалт нь өөрөө аяндаа унадаг. Хайлдаг утсаар оёдол хийгдсэн бол зүсэлт хийсэн газарт цавуу түрхсэн байдаг. Энэ цавуу өөрөө аяндаа арилдаг. Эсвэл 1-2 долоо хоногийн дараа хуулж авдаг.

Хэзээ банн, шүршүүрт усанд орж болохыг эмчээсээ асуух хэрэгтэй.

  • Шархны наалт нороход санаа зовох зүйлгүй. Харин дэвтээж, үрж болохгүй.
  • Усанд орохоос гадуурх бүхий л цагт шархыг хуурай байлгах хэрэгтэй
  • Шархны наалт 1-2 долоо хоногийн дараа өөрөө унана.

Шархны боолт хийлгэсэн бол хэдий хугацаанд солих, хэзээ авахыг эмчлэгч эмч хэлж өгнө.

  • Шархыг зааврын дагуу өдөр бүр савантай усаар угааж цэвэрлэнэ. Ингэхдээ шарханд өөрчлөлт гарсан эсэхийг анхааралтай шалгана.
  • Шархыг үрэлгүй, хөнгөн дарж товшиж хатаана.
  • Шархан дээр лосьон, тос, ургамлын эм түрхэх гэж байгаа бол эмчээс асууж хэрэглэнэ.

Шарх эдгэрч байх үед шарханд хүрэлцэж үрэхээр бариу хувцас өмсөхгүй байх хэрэгтэй. Шархыг хамгаалахын тулд нимгэн самбай боолт хэрэглэж болно.

Бүдүүн гэдсэнд цорго суулгасан бол эмчлэгч эмчийн зааврын дагуу арчилна. Шулуун гэдэсний мэс засал хийлгэсэн бол суухдаа дэр ашиглах нь тохиромжтой байдаг.

Хоолны дэглэм

Өдөрт 4-5 удаа бага багаар идэх хэрэгтэй. Өдөрт 3 удаа их хэмжээгээр хооллож болохгүй.

  • Бага хэмжээгээр удаан иднэ.
  • Хоолны дэглэмдээ шинэ хоол хүнсийг аажмаар нэмнэ.
  • Өдөр бүр уураг ихтэй хоол идэхийг зорино.

Эдгэх хугацаанд хоол хүнснээс шалтгаалан гэдэс дүүрэх, өтгөн хатах, шингэрэх асуудал үүснэ. Энэ бүрт тухайн асуудал үүсгэж байгаа хоол хүнснээс зайлсхийх хэрэгтэй.

Ходоод өвдөж, суулгавал эмчид хандах хэрэгтэй.

Шингэн дутагдлаас сэргийлэхийн тулд өдөрт хэдий хэмжээний шингэн ууж байх ёстойгоо эмчээс асууж тодоруулна.

Өтгөн хатвал:

  • Босож, илүү их алхахыг зорино. Биеийн идэвхитэй, хөдөлгөөнтэй байдал нь тустай.
  • Өвчин намдаах эмийг эмчийн зөвлөснөөс аль болох бага уухыг хичээнэ. Энэ эмнээс болж өтгөн хатдаг. Өвдөлт намдаахаар ацетаминофен, ибупрофен ууна.
  • Эмч зөвшөөрвөл өтгөн хаталтын эсрэг эм хэрэглэж болно.
  • Магнийн сүү, магнийн цитрат хэрэглэж болох эсэхийг эмчээсээ асууна. Туулгах эмийг эмчийн зөвшөөрөлгүй хэрэглэж болохгүй.
  • Ислэг ихээр агуулсан хоол хүнс, бүтээгдэхүүнүүд хэрэглэж болох эсэхийг эмчээсээ асууна.

Ажилдаа орох

Бэлэн болсон гэж санагдсан үедээ ажилдаа ороорой. Дараах аргууд тус болно:

  • Гэртээ 8 цагийн турш идэвхитэй байж чадаж байгаа, өглөөнөөс өглөөний хооронд ч бие хэвийн байвал ажилдаа явахад бэлэн болсон байна гэсэн үг.
  • Хагас цагаар ажиллах, хөнгөн хэсгээс эхэлж ажиллаж болно.
  • Хүнд ажил хийдэг бол ажлын нөхцлийг хязгаарлах бичгийг эмч хийж өгдөг.

Ямар үед эмчид хандах вэ?

  • 38.3 хэм ба түүнээс дээш халуурах, ацетаминофен уугаад халуун намдахгүй байх
  • Хэвлий цардайх
  • Ходоод өвдөх, олон удаа бөөлжих
  • Эмнэлгээс гарсан 4 хоногт өтгөн гадагшлахгүй байх
  • Өтгөн гарахаа болих
  • Хар өнгөтэй баах, цустай баах
  • Хэвлийгээр өвдөх нь ихсэх, өвчин намдаах эмэнд дарагдахгүй байх
  • Амьсгал давчдах, цээжээр өвдөх
  • Хөлөөр хавагнах, шилбээр өвдөх
  • Шарх задрах, цус, шүүс гарах, улайх, халуу оргих, их өвдөх зэрэг өөрчлөлт гарах
  • Шулуун гэдэснээс хэвийн биш ялгадас ихээр гарах