Мика Монгол Мика Монгол

Ахар сүүлний гэмтлийн дараах арчилгаа

Ерөнхий ойлголт

Ахар сүүл гэмтэхэд хавдаж, хөхөрч няцардаг. Ховор тохиолдолд яс хугардаг.

Ахар сүүлний гэмтэл нь шал, мөсөн дээр хальтрах зэрэг арагшаагаа хатуу зүйл дээр унах үйлдлээр үүсдэг. Ахар сүүлний гэмтлийн дараах шинж тэмдгүүд байдаг:

  • Ууц нуруугаар өвдөх, эмзэглэх
  • Хонго өвдөх
  • Суухад өвдөх, бадайрах
  • Ахар сүүл хавиар хөхрөх, хавдах

Авах арга хэмжээ

Ахар сүүлний гэмтэл нь өвдөлт ихтэй байж, удаан эдгэдэг. Эдгэрэлтийн хугацаа гэмтлийн зэргээс хамаарна.

  • Ясны хугарал байвал 8-12 долоо хоногийн дараа эдгэнэ.
  • Ахар сүүл гэмтэсэн бол 4 долоо хоногийн дараа эдгэнэ.

Ховор тохиолдолд шинж тэмдэг намддаггүй. Тарилга, дааврын эмчилгээг хийлгэж үзэж болно. Ахар сүүлийг тайрах мэс засал яригдах тохиолдол байх бөгөөд гэмтлээс хойшхи 6 сар дотор мэс засал хийдэггүй.

Шинж тэмдгийг намдаах

Шинж тэмдгийг намдаах эмчийн зааврыг дагана. Гэмтэл авсанаас хойшхи 3-4 өдөр юм уу 7 хоногт дараах алхамууд хэрэгжүүлнэ:

  • Өвдөлт үүсгэж байгаа үйлдэл бүрийг зогсоож, амарна. Хэдий чинээ их амарна, төдий чинээ хурдан эдгэнэ.
  • Эхний 48 цагт, цаг тутамд 20 минутаар ахар сүүлэндээ хүйтэн жин тавина. Түүний дараагаас өдөрт 2-3 удаа тавина. Мөсөөр жин тавихдаа алчуураар ороож тавина.
  • Суухдаа дэр, дугуй жинтүү ашиглана. Жинтүүний голын нүх нь ахар сүүлэнд даралт үзүүлэхгүй байх үүрэгтэй.
  • Удаан суухгүй байх. Унтахдаа ахар сүүлэндээ ачаалал өгөхгүйн тулд доошоо харж унтана.

Өвдөлт намдаахаар ибупрофен, напроксен ууж болно. Эдгээр эмийг жоргүйгээр олгодог.

  • Эдгээр эмийг гэмтэл авсанаас хойшхи 24 цагт хэрэглэж БОЛОХГҮЙ. Цус алдах эрсдлийг нэмэгдүүлнэ.
  • Зүрхний өвчин, цусны даралт ихсэлт, бөөрний өвчин, элэгний өвчин, ходоод шарх өвчтэй, урьд нь дотуур цус алдаж байсан түүхтэй бол эдгээр эмийг хэрэглэхийн өмнө эмчийн зөвлөгөө авна.
  • Эмийг зааврын дагуу, хэтрүүлэхгүй хэрэглэнэ.

Бие засахад өвдөнө. Өтгөн хаталтаас сэргийлж ислэг ихтэй хоол идэж, шингэн сайн ууна.

Биеийн идэвхитэй байдал

Өвдөлтгүй болсон үед хөнгөн хөдөлгөөн хийж болно. Алхах, суух зэргээр хөдөлгөөнөө аажим ихэсгэнэ. Дараах зүйлсийг анхаарна:

  • Удаан хугацаагаар суухгүй байх
  • Хатуу гадаргуу дээр суухгүй байх
  • Дэр, жинтүү ашиглаж суух
  • Суухдаа 2 өгзөгөн дээрээ ээлжилж сууна.
  • Хөдөлгөөн хийсний дараа өвдвөл хүйтэн жин тавина.

Хяналт

Гэмтэл зөнгөөрөө эдгэж байвал хянуулах шаардлага байхгүй. Гэмтэл их байх юм бол хянуулах шаардлагатай болно.

Ямар үед эмчид хандах вэ?

  • Гэнэт мэдээгүй болох, ирвэгнэх, хөл сулрах
  • Өвдөлт гэнэт ихсэх, хавдах
  • Гэмтэл эдгэхгүй удах
  • Өтгөн хаталт үргэлжлэх
  • Шээс, баасны гаралт өөрчлөгдөх