Өндгөвчний уйланхай байнга тохиолддог. Өндгөвчинд хатуу юм уу шингэн агуулсан хүүдий тогтоц үүсдэг. Ихэнхдээ зовиургүй, хүндрэлгүй байдаг. Биений юмны мөчлөгийн нэг хэсэг болон сар болгон үүсдэг боловч мэдэгдэлгүй өнгөрдөг. Жирэмсэн эмэгтэйчүүдэд өндгөвчний уйланхай мөн элбэг тохиолддог.
Өндгөвчний уйланхай нь эргэж арилахгүй, томорч байвал асуудал дагуулж эхэлдэг. Өвдөх зовиур илэрнэ. Нас ахих тусам энэ байдал илүү тохиолдоно.
Ямар шинж тэмдэг илрэх вэ?
Ихэнх өндгөвчний уйланхай жижиг хэмжээтэй байх бөгөөд ямар нэг шинж тэмдэг өгдөггүй. Хэрвээ шинж тэмдэг илэрвэл дарж байгаа юм шиг өвдөх, хэвлий цанхайх, уйланхайтай талын хэвлийгээр өвдөх зовиур илэрнэ. Өвдөлт их, бага хэмжээтэй байх бөгөөд дахин давтагддаг.
Дараах зовиурууд илэрвэл яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй:
- Хэвлийгээр гэнэт, хүчтэй өвдөх
- Бөөлжих, халуурах, өвдөх
- Толгой эргэх, бие сулрах, нүд харанхуйлах
- Амьсгал давчдах
Өндгөвчний уйланхайгаас болсон өвдөлт гэдгийг яаж мэдэх вэ?
Эмэгтэйчүүдийн дотуур үзлэгээр уйланхайг оношлож болдог. Асуумжаар өвдөлт болон бусад шинж тэмдгийн талаар асууна, хэт авиан оношлогоо хийнэ.
Цусны шинжилгээ мөн хийгдэнэ:
- Жирэмсэн эсэхийг тодорхойлно
- Дааврын шалтгаантай эсэхийг оношлоно
- Хавдрын шинжилгээ хийнэ.
Ямар төрлийн өндгөвчний уйланхай байдаг вэ?
Инэнх уйланхай нь сарын тэмдгийн мөчлөгийн үед үүсдэг үйл ажиллагааны уйланхайнууд байдаг.
- Фолликулын уйланхай. Өндгөвч сар болгон нэг өндгөн эс ялгаруулдаг. Энэ өндгөн эс фоликул хэмээх жижиг уутан дотор ургадаг. Өндөг боловсорч бэлэн болоход энэ фолликул хагарч өндгөн эс гадагшилдаг. Харин энэ уут хагарахгүй бол фолликулын уут болж хувирдаг. 1-3 сарын дотор эргээд алга болдог.
- Шар биеийн уйланхай. Өндөг гадагшилсны дараа хоосорсон фолликул жижгэрч дараачийн өндгөн эс боловсроход бэлдэнэ. Хагарсан хэсэг бүтэн болоход дотор нь шингэн дүүрнэ. Энэ явц нь цөөн хэдэн долоо хоногийн дотор явагдана. Хэрвээ томорвол цус алдалт, өвдөлт үүсгэнэ.
- Үйл ажиллагааны бус. Зарим эмэгтэйчүүдийн өндгөвчинд олон тооны жижиг уйланхай үүсдэг. Үүнийг өндгөвчний уйланхайт хам шинж гэнэ. Энэ тохиолдолд жирэмслэх боломжгүй байдаг. Хавдрын шинжтэй үйл ажиллагааны бус уйланхай байдаг. цэвэршилтийн дараах өндгөвчний уйланхайт хам шинж нь залуу эмэгтэйчүүдийнхээс илүү хавдар болох хандлагатай байдаг.
Ямар эмчилгээ хийдэг вэ?
Ихэнх уйланхай эмчилгээ шаардагдахгүйгээр алга болдог. Хэрвээ уйланхай томорч зовиур үүсгэвэл өвдөлт намдаах эм, жирэмснээс сэргийлэх эм, уйланхайг алга болгодоггүй ч урьдачилан сэргийлэх зорилгоор дааврын эм хэрэглэдэг.
Зарим уйланхайд мэс засал эмчилгээ хийнэ. Том хэмжээтэй, арилахгүй байгаа, зовиур өгч байгаа уйланхайд мэс засал эмчилгээ хийнэ. Хавдар болох хандлагатай байдаг учир цэвэршилтийн үеийн уйланхайд мөн мэс засал эмчилгээ хийх шаардлага гардаг. Мэс заслаар уйланхайны байдлаас хамаарч зөвхөн уйланхайг юм уу өндгөвчийг авдаг.
Мэс засал эмчилгээний төрөл:
- Лапароскопи. Жижиг уйланхайны үед хийгдэнэ. Хэвлийгээр дуран оруулж өндгөвч, уйланхайг багажаар авдаг.
- Лапаротоми. Хавдрын шинж чанартай уйланхайг авахын тулд хийгдэх бөгөөд хэвлийгээр зүсэлт хийж мэс засал явагддаг.
Өндгөвчний уйланхайт хам шинж ба биеийн жин нэмэгдэх
Өндгөвчний уйланхайт хам шинж нь төрөх насны эмэгтэйчүүдэд тохиолддог дааврын түгээмэл өөрчлөлт бөгөөд үргүйдэлд хүргэдэг. Өндгөвчний уйланхайт хам шинжийн үед эрэгтэй дааврын түвшин их болох, инсулинд мэдрэг биш болох буюу инсулинд тэсвэртэй болох өөрчлөлт явагдана. Иймээс таргалалт, жингийн илүүдэл бий болж чихрийн шижин, зүрхний өвчин, нойрон дунд амьсгал бөглөрөх, умайн хавдар өвчинд өртөх өндөр эрсдэлтэй болдог.
Яагаад өндгөвчний уйланхайт хам шинжийн үед жин ихэсдэг вэ?
Өндгөвчний уйланхайт хам шинжээс шалтгаалан хоол хүнсний сахар, цардуулыг энерги болгон хувиргах инсулин дааврыг бие махбод хүлээж авч чадахгүй болдог. Энэ нөхцөл байдлыг инсулинд тэсвэртэй болох гэх бөгөөд цусанд сахар, инсулины хэмжээ ихэсдэг.
Цусанд инсулин ихсэх нь андроген хэмээх эр дааврын бүтээгдэхүүнийг ихсэхэд нөлөөлнө. Андроген ихэссэнээр биеийн үс ургах, хатигших, биений юмны мөчлөг алдагдах, биеийн жин нэмэх гэсэн өөрчлөлтийг бий болгоно. Жин нэмэгдэх нь эр даавраас шалтгаалж байгаа учраас хэвлийгээрээ илүү таргалдаг. Тиймээс өндгөвчний уйланхайт хам шинжтэй эмэгтэйчүүдийн бие лийр хэлбэртэй байхын оронд алим хэлбэртэй болдог.
Хэвлийн таргалалт нь зүрхний өвчин болон бусад өвчний эрсдлийг бий болгодог учир хамгийн аюултай хэлбэрийн таргалалт юм.
Өндгөвчний уйланхайт хам шинжийн хамааралтай жин ихсэлттэй хавсардаг эмгэгүүд
Ямар шалтгаантай вэ гэдгээс үл хамааран жин ихсэх нь таны эрүүл мэндийн байдлыг тодорхойлно. Өндгөвчний уйланхайт хам шинжтэй эмэгтэйчүүдийн жин ихэссэнээр дараах өөрчлөлтүүд хавсран тохиолддог:
- Чихрийн шижин хэв шинж 2
- Цусанд холестрин ихсэх
- Цусны даралт ихсэх
- Нойрон дунд амьсгал бөглөрөх
- Үргүйдэл
- Эндометрийн хавдар
Өндгөвчний уйланхайт хам шинжийн үед хэрхэн жингээ хасах вэ?
Жингээ хассанаар дээрх өвчнүүдэд өртөх эрсдлийг бууруулж сэтгэл санааг өргөнө. Өндгөвчний уйланхайт хам шинжийн үед биеийн жингийн 10%-ийг хасахад биений юмны мөчлөг хэвийн болно. Мөн зарим нэг бусад шинж тэмдэг арилна.
Жин буурсанаар инсулин мэдрэг байдал сайжирч чихрийн шижин, зүрхний өвчин зэрэг эрсдэлд өртөх нь багасна.
Жирэмснээс сэргийлэх эм, андрогений эсрэг эм, метформин эмийн эмчилгээ хийнэ. Метформин нь инсулины зарцуулалтыг үр ашигтай болгох чихрийн шижингийн эм юм. энэ эм нь мөн тестостероны бүтээгдэхүүнийг бууруулна. Зарим судалгаагаар энэхүү эм нь таргалалттай өндгөвчний уйланхайт хам шинжтэй эмэгтэйчүүдийн жин буурахад нөлөөлж байна гэдэг нь харагдсан.
Эмийн эмчилгээ хийхээс гадна биеийн жингээ хэвийн байлгах эрүү амьдралын хэвшлийг бий болгох хэрэгтэй:
- Эслэг ихтэй, сахар багатай хоолны дэглэм баримтлах. Жимс, хүнсний ногоо, бүхэл үрийн бүтээгдэхүүн хэрэглэх. Цусан дахь сахарын хэмжээгээ хэвийн байлгахын тулд боловсруулсан хүнс, өөх тостой хоол хүнснээс татгалзах.
- Өдөрт 4-6 удаа, бага хэмжээгээр хоолловол цусан дахь сахарын хэмжээгээ хэвийн байлгаж чадна.
- Өдөрт багадаа 30 минут дасгал хөдөлгөөн хийх
- Цусан дахь холестрины хэмжээ, цусны даралтаа хэвийн байлгах
- Тамхинаас гарах
Үргүйдэл
Өндгөвчний уйланхайт хам шинжээс шалтгаалан жирэмслэж чадахгүй байх нь хамгийн түгээмэл тохиолдол юм. Дааврын өөрчлөлт нь нөхөн үржихүйн тогтолцоог алдагдуулсанаас болдог. өндгөвчний уйланхайт хам шинжийн үед олон тооны жижиг уйланхай үүсэх бөгөөд үүнд бүрэн өсөж томроогүй өндгөн эсүүд агуулагддаг.
Өндгөн эс гадагшлалт алдагдах
Андроген даавар ихэссэнээс өндгөн эсийн өсөл хөгжилт, гадагшлалт алдагдана.
Ингээд эрүүл өндгөн эс гадагшилж чадахгүй бол эр бэлгийн эстэй нийлж үр тогтож чадахгүй. Энэ нь жирэмсэлж чадахгүй болно гэсэн үг.
Сарын тэмдгийн мөчлөгөө зохицуулах
Зарим нэг эмчилгээний ачаар өндгөвчний уйланхайт хам шинжтэй эмэгтэйчүүдийн жирэмслэлт эрүүл явагдах боломжтой. Эстроген, прогестин дааврыг агуулсан ирэмснээс сэргийлэх эм хэрэглэнэ. Энэ эм нь биений юмны мөчлөгийг зохицуулж андрогенийг бууруулна.
Жирэмснээс сэргийлэх эм хэрэглэх боломжгүй бол зөвхөн прогестин агуулсан эм хэрэглэнэ.
Өндгөн эс гадагшлуулах эм
Жирэмснээс сэргийлэх эм ууж байхад жирэмслэх боломжгүй. Харин жирэмслэхийн тулд өндгөн эс гадагшлалтыг сайжруулах дараах эмийг хэрэглэнэ:
- Кломифен. Биений юмны мөчлөгийн эхэнд уудаг эстрогений эсрэг эм
- Өндгөн эс гадагшлахад кломифен нөлөөлөхгүй бол чихрийн шижингийн эм болох метформин хэрэглэнэ.
- Фолликул сэдээгч даавар, лутейнжүүлэгч дааврыг хэрэглэнэ.
- Эдгээр эмчилгээ үр дүнгүй бол летрозол эмийг хэрэглэнэ.
Амьдралын хэвшлээ өөрчлөх
Зарим эмэгтэйчүүдэд биеийн жин ихсэх нь дааварт нөлөөлдөг. Эсрэгээрээ биеийн жин их үед жингээ хасах нь дааврын хэмжээ хэвийн болоход нөлөөлнө. Биеийн жингийн 10%-ийг хаявал биеийн юмны мөчлөг илүү тогтвортой болж ирдэг. Ингэснээр жирэмслэх боломжтой болно.
Ерөнхийдөө хоолны дэглэм барих, дасгал хөдөлгөөн хийх, тамхи татахгүй байх, стресст өртөхгүй байх зэрэг эрүүл амьдралын хэвшлээр амьдрах, чихрийн шижин болон бусад эрүүл мэндийн байдлыг хянах нь жирэмсэн болоход сайнаар нөлөөлдөг.