Мика Монгол Мика Монгол

Үтрээний үрэвсэл (Үтрээний халдвар)

Вирус, нян, мөөгөнцөрийн халдвараас шалтгаалж үтрээний үрэвсэл үүсдэг. Саван, цацлага зэрэг химийн бодис агуулсан бүтээгдэхүүнүүд, тэр байтугай хувцас хүрэлцсэнээс болж арьс, салст үрэвсдэг.

Үтрээний үрэвслийн төрөл

  • Нянгийн вагиноз
  • Мөөгөнцөрийн халдвар
  • Хламид
  • Гоноррей
  • Харшил
  • Трихмониаз
  • Вирусын үтрээний үрэвсэл

Эдгээр шалтгаануудын тус тусын шинж тэмдэг нь өөр өөр байдаг бөгөөд оношлоход төвөгтэй байдал үүсдэг. Ямар ч шинж тэмдэггүйгээр явагддаг халдвар ч мөн бий.

Ямар шинж тэмдгийг хэвийн, хэвийн биш гэж үзэх вэ?

Хэвийн үедээ үтрээний ялгадас нь тунгалаг юм уу бага зэрэг булингартай байдаг. Үтрээг цэвэрлэх үүрэгтэй. Ямар нэг үнэргүй, загатнуулахгүй. Энэ ялгадас нь бага хэмжээтэй, шингэн, усархаг байдаг. Дараа өөр нэг сар нь өтгөн, их хэмжээтэй болж ч болох бөгөөд энэ бүхэн нь хэвийн шинж юм.

Харин ялгадас нь эвгүй үнэртэй, халуу оргиж загатнуулвал асуудал байгааг илтгэнэ. Өдрийн аль ч цагт зовиур илэрч болох ч шөнийн цагаар ихэвчлэн зовиурладаг. Бэлгийн ажил хийх нь шинж тэмдгийг дордуулж болдог.

Мөөгөнцөрийн халдвар уу нянгийн вагиноз уу?

Үтрээнд амьдардаг организмаас шалтгаалсан хамгийн түгээмэл тохиолддог 2 шалтгаан юм. Хүний биед байдаг мөөгөнцөр нь хэвийн хэмжээнээс ихсэвэл мөөгөнцөрийн халдвар үүсдэг. Харин нянгийн тэнцвэртэй харьцаа алдагдвал нянгийн вагиноз үүснэ. Аль ч тохиолдолд нь цагаан юм уу саарал өнгөтэй ялгадас гардаг.

Хэрвээ загасны үнэртэй байвал нянгийн вагиноз байх илүү магадлалтай. Гэрийн бяслаг шиг харагдаж байвал мөөгөнцөрийн халдвар байх магадлалтай. Мөөгөнцөрийн халдвараас болж загатнах, халуу оргих шинж илэрнэ.

Бэлгийн замаар халдварлах

Бэлгийн замаар үтрээний үрэвсэл авдаг:

  • Хламид
  • Гоноррей
  • Хомхойн вирус
  • Хүний папиллома вирус, бэлгийн ургацаг
  • Трихмониаз

Бэлгийн замын эдгээр өвчнүүдийн үед эмэгтэйчүүдэд илэрхий шинж тэмдэг илэрдэггүй.

Халдварт бус үтрээний үрэвсэл

Халдвараас шалтгаалахгүйгээр загатнах, халуу оргих, ялгадас гарах шинж илэрнэ. Энэ нь ихэвчлэн доорх харшлаас шалтгаалдаг:

  • Угаалгын нунтаг
  • Цацлага
  • Зайлагч, ангижруулагч
  • Анхилуун саван
  • Спермицид
  • Үтрээний шүршигч

Мөн цэвэршилт, өндгөвч авахуулах мэс засалд орсон зэргээс шалтгаалан дааврын түвшин буурсанаас үүсч болдог. Ингэснээр үтрээ хуурайшиж хатингаршилт үтрээний үрэвсэл үүсдэг. бэлгийн ажлын үед өвдөх, үтрээ загатнах, халуу оргих шинж илэрнэ.

Эмчилгээ

Үтрээний халдварыг үр дүнтэй эмчлэх гол зарчим нь зөв оношийг олох явдал байдаг.

Ямар шинж тэмдэг, ямар үед илэрч байгааг анхаарна. Ялгадсын өнгө, тогтоц, үнэр, хэмжээг тодорхойлно. Эмнэлэгт үзүүлэхийн өмнө цацлага зэргийг хэрэглэхгүй ирэх хэрэгтэй. Мөн эмнэлэгт үзүүлэхээс 24-48 цагийн өмнө бэлгийн харьцаанд ороогүй байх хэрэгтэй. Мөн ямар нэг эм хэрэглэхээс өмнө эмнэлэгт үзүүлэх нь зөв юм.

Халдварын бус үтрээний үрэвслийн эмчилгээг харшил хөдөлгөж байгаа зүйлийг олсоноор шийднэ. Ямар зүйл арьсыг мэдрэгшүүлж харшил өгч байгааг олно. Дааврын өөрчлөлтийн үед шинж тэмдгийг дарахаар эстрогены бэлдмэл хэрэглэнэ.

Үтрээний үрэвслээс сэргийлэх

Хуурай, цэвэр байдлыг бий болгох хэрэгтэй. Үтрээний цацлага, саванг эмч нар зөвлөдөггүй. Цацлага хэрэглэх нь эмзэгшлийг бий болгох бөгөөд хамгийн гол нь халдварыг далдлах, тархаах нөхцлийг бий болгодог. Мөн үтрээг хамгаалдаг эрүүл нянг устгадаг. Цацлагыг хэзээ ч хэрэглэж болохгүй.

Дулаан, чийг хадгалдаг хувцас хэрэглэхгүй байх хэрэгтэй. Нилон дотуур хувцас, бариу жинсэн өмд, агаар нэвтрүүлдэггүй спорт хувцас, шилэн трико зэрэг нь мөөгөнцөрийн халдварыг бий болгодог.

Амьд эс агуулсан амьд тараг уух нь мөөгөнцөрийн халдварыг бууруулна.

Бэлгэвч хэрэглэх нь бэлгийн замын халдвар тусахаас сэргийлнэ.

Жил бүр эмэгтэйчүүдийн бүрэн үзлэгч хамрагдаж үтрээний арчдас өгөх хэрэгтэй.

Нянгийн вагиноз гэж юу вэ?

Үтрээнд сайн, муу нянгууд аль аль нь амьдардаг. Хэрвээ энэ хоёр нянгийн хоорондын тэнцвэртэй байдал алдагдвал нянгийн вагиноз хэмээх халдварыг тусна. Шинж тэмдэг илрэхгүй, эмчилгээ шаардагдахгүй байж болно.

Нянгийн вагиноз нь бусад эрхтэн тогтолцоонд нөлөөлдөггүй. Харин жирэмсэн болох үед хүндрэл болдог.

Шалтгаан

Энгийн үед лактобацилл хэмээх нян нь үтрээг бага зэрэг хүчиллэг орчинтой болгож муу нянгуудыг ургуулахгүй байлгадаг. Лактобациллын хэмжээ багасч муу нянгууд ихэссэнээр үтрээний вагиноз үүсдэг. Ямар ч эмэгтэйчүүд өвчилж болох бөгөөд дараах тохиолдолд эрсдэл нэмэгдэнэ:

  • Тамхидалт
  • Идэвхитэй бэлгийн амьдрал
  • Цацлага

Цацлага нь нянгийн хэвийн тэнцвэрийг алдагдуулна. Үнэртэй саван, ванны хөөс, үтрээний үнэртэй ус нь адилхан нөлөөтэй.

Шинээр бэлгийн хамтрагчтай болох, нэгээс илүү бэлгийн хавьтагчтай байвал энэхүү өвчнийг тусах эрсдэл нэмэгдэнэ. Шалтгаан тодорхойгүй ч эмэгтэй хүн эмэгтэй хамтрагчтай байх нь нянгийн вагинозоор өвчлөх эрсдэл өндөр байдаг.

Ерөндөг тавиулах, тэр тусмаа биений алдагддаг эмэгтэйчүүд ерөндөг тавиулвал энэ өвчний эрсдэл нэмэгддэг.

Усан сан, нийтийн жорлонгийн суултуураас нянгийн вагиноз зэрэг үтрээний үрэвсэл халдварладаг гэдэг бол худлаа юм.

Шинж тэмдэг

Нянгийн вагинозтой эмэгтэйчүүдийн тал хувьд нь шинж тэмдэг илэрдэггүй. Хэрвээ шинж тэмдэг илэрвэл:

  • Шингэн цагаан, саарал, ногоон өнгөтэй ялгадас гарах
  • Шээхэд халуу оргих
  • Бэлгийн ажлын дараа загас шиг үнэр гарах
  • Загатнах, өтгөн, үнэргүй цагаан ялгадас гарах (мөөгөнцөрөөс ялгах)

Оношлогоо

Эмчийн асуумж, үтрээний үзлэг хийгдэнэ. Үтрээний ялгадасаас арчдас авч микроскопоор харж шинжилнэ. Бэлгийн замын халдварыг үүгээр мөн ялган оношлоно.

Эмчилгээ

Ямар нэг шинж тэмдэг илрэхгүй, жирэмсэн биш үед эмчилгээ шаардлагагүй. Нянгийн вагиноз өөрөөрөө эдгэнэ.

Хэрвээ шинж тэмдэг илэрвэл халдварын эсрэг антибиотик эмчилгээ хийнэ. Энэ нь уухаар шахмал, үтрээнд түрхэхээр гел, тос хэлбэрээр байдаг. Эмчилгээ 5-7 өдөр болно. Шинж тэмдэг арилсан ч гэсэн эмээ гүйцэт ууж дуусгах хэрэгтэй. Үгүй бол халдвар эргэж идэвхижнэ.

Нянгийн халдвар бэлгийн замаар халдсан бол биеийн байдлаа сайжиртал бэлгийн харьцаанд орохоос зайлсхийх хэрэгтэй.

Ерөндөг суулгасан үед нянгийн вагинозоор дахин өвчилвөл жирэмснээс сэргийлэх өөр арга сонгох арга зам хайх хэрэгтэй.

Урьдчилан сэргийлэх

Нянгийн вагинозоос сэргийлэхийн тулд бэлэг эрхтэн орчмыг цацлага, савангүйгээр зөвхөн усаар угаах хэрэгтэй. Бие зассаны дараа урдаас арагш чиглэлтэй арчина.

Бэлгийн хамтрагчийн тоог хязгаарлах, бэлгийн замын өвчний шинжилгээг хамтрагчтайгаа хамт өгдөг байх хэрэгтэй.