Мика Монгол Мика Монгол

Ягаан үлд

 Ягаан үлд /Жиберын өвчин/ нь холцруутсан ягаан толбо туурдаг арьсны өвчин юм. Ямар ч насанд гарч болох ч залуучуудын дунд илүү олон тохиолддог. Энэ эмгэгийг бодит шалтгааныг нь одоо хүртэл тогтоож чадаагүй байгаа. Хавар, эсвэл намар ханиад, томуу туссан үед гарах нь цөөнгүй. Дархлаа султай хүмүүст дахин гарч болзошгүй.

Шинж тэмдэг

Их биеийн арьсан дээр 2 см, түүнээс том диаметртэй ганц дугуй ягаан толбо гарснаар өвчин эхэлнэ. Толбоны төв хэсэг нь яваандаа шаравтар өнгөтэй болж, холцруутаж эхэлдэг. Гол төлөв эхний толбо гарснаас 7-10 хоногийн дараа 0,5-1 см орчим диаметртэй зуувандуу ягаан толбонууд олноор гарч эхэлнэ. Нуруу, мөр, их биеийн хажуу талаар тууралт хамгийн их гарна. Толбонуудын төв хэсгийн арьс холцруутан, захаараа хайрсгүй ягаан хэсэгтэй байдаг. Толбонууд нь хоорондоо нийлдэггүй. Бага зэрэг загатнахаас өөр шинж тэмдэг гол төлөв илэрдэггүй. Өвчин 4-6 долоо хоног үргэлжлээд тууралт нь аяндаа оргүй алга болдог. Ойр ойрхон усанд орох, арьс цочроох нөлөөтэй тос түрхэх зэргээр буруу эмчилгээ хийх үед хэт хөлрөмтгий, харшилтай хүмүүсийн толбо нь арилалгүй удаж болно.

Эмчилгээ

Оношийг эмч гадуур үзлэг хийж тогтооно. Дийлэнх тохиолдолд ягаан үлд нь ямар нэг эмчилгээ хийлгүйгээр өөрөө арилдаг. Ингэхдээ ваннд орох /усанд орохдоо арьс цочроодоггүй зөөлөн саван, шампунь зэргийг ашиглах/, элдэв тос дур мэдэн түрхэх, наранд шарах, синтетик хувцас өмсөхөөс зайлсхийх хэрэгтэй. Хүчтэй загатнасан үед эмчийн заалтын дагуу харшил болон үрэвслийн эсрэг түрхлэгийг хэрэглэж болно. Маш ховор тохиолдолд дархлаа султай, эсвэл буруу эмчилгээний улмаас өвчний явц халуурч хурцаддаг.