Чихрийн шижингийн нефропати гэж юу вэ?
Бөөрний дутагдлын хамгийн гол шалтгаан болох чихрийн шижин өвчнөөё болж бөөр өвдөхийг чихрийн шижингийн нефропати гэнэ. Чихрийн шижин өвчтэй хүмүүсийн 3-ны нэг нь чихрийн шижингийн нефропатигаар хүндэрдэг.
Чихрийн шижин болон бөөрний өвчнөөр зэрэг өвчилвөл бөөрний өвчнөөр дангаараа өвдөхөөс илүү хүнд байдаг. Энэ нь чихрийн шижин өвчний үед цусны даралт ихсэх, цусанд холестрин ихсэх, судасны өөрчлөлт (атеросклероз) болох зэрэг өөрчлөлтүүд болдогоос шалтгаалдаг. Мөн чихрийн шижин өвчний үед давсагны халдвар, давсагны мэдрэлийн гэмтэл зэрэг бөөртэй хамааралтай эмгэгүүд их тохиолддог.
Чихрийн шижин хэв шинж 1-ийн үеийн бөөрний өвчин нь чихрийн шижин хэв шинж 2-ын үеийнхээс бага зэрэг өөр байдаг. чихрийн шижин хэв шинж 1 оношлогдсон эхний 10 жилд бөөрний өвчин бага тохиолддог. Харин чихрийн шижин хэв шинж 2 өвчнийг оношлогдсон тэр үед бөөрний өвчтэй байсан байдаг.
Чихрийн шижингийн нефропатийн шинж тэмдэг ямар байдаг вэ?
Чихрийн шижингийн нефропатийн эхэн үед шинж тэмдэг байдаггүй. Харин бөөрний үйл ажиллагаа муудаж ирэх үеэс эхлэн дараах шинж тэмдэг илэрнэ:
- Гар, хөл, нүүр хавагнах
- Нойр, анхаарал төвлөрөл муудах
- Хоолны дуршил муудах
- Дотор муухай оргих
- Сульдах
- Загатнах (бөөрний өвчний эцсийн үе шат), арьс хуурайших
- Унтаарах (бөөрний өвчний эцсийн үе шат)
- Цусанд кали ихэссэнээс болж зүрхний хэмийн алдагдах
- Булчин таталдах
Бөөрний үйл ажиллагаа алдагдах тусам бөөр хорт бодисыг цуснаас шүүж чадахгүй болно. Тэгсэнээр хорт бодис биед хуримтлагдаж уреми гэх хортой түвшинд хүрдэг.
Чихрийн шижингийн нефропатийг хэрхэн оношлох вэ?
Бөөрний өөрчлөлтийг үзэх цусны тусгай шинжилгээний аргууд байдаг. Мөн шээсэн дэх уургийг үзнэ. Эмчилгээгээр бөөрний дутагдлын явцыг удаашруулж болох учир чихрийн шижингийн үед шээсний шинжилгээ жил бүр өгч байх хэрэгтэй.
Чихрийн шижингийн нефропатид ямар эмчилгээ хийдэг вэ?
Цусны даралт бууруулах, цусан дахь сахарын хэмжээг хэвийн хэмжээнд байлгах нь чихрийн шижингийн нефропатийн явцыг удаашруулахад зайлшгүй шаардлагатай байдаг. Ангиотензин хувиргагч ферментийг саатуулагч эм нь бөөрний өөрчлөлтийн даамжралыг удаашруулдаг. Үүнд ramipril (Altace), quinapril (Accupril) , lisinopril (Prinivil, Zestril) гэсэн эмүүд багтах бөгөөд цусны даралтыг буулгадаг. Тэрнээс гадна цусны даралт хэвийн байсан үед ч чихрийн шижин өвчний бусад хүндрэлүүдээс сэргийлж хэрэглэдэг.
Ангиотензин хувиргагч ферментийг саатуулагч эмэнд гаж нөлөө илэрч байвал ангиотензин II рецепторыг хориглох бүлгийн эмүүдийг орлуулан хэрэглэнэ.
Эмчилгээ хийхгүй бол бөөрний үйл ажиллагаа зогсож шээсээр их хэмжээний уураг гарч диализ, бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ хийхэд хүрнэ.