Энэ нь мөөгөнцрийн гаралтай арьсны халдварт өвчин юм. Хүнээс хүнд, эсвэл амьтнаас хүнд халдварладаг. Нохой, муур зэрэг амьтантай их тоглодгоороо хүүхдүүд хяргах үлдээр өвчлөх нь олон. Насанд хүрэгчид нь халдвартай хүнээс, эсвэл халдвартай хүний хэрэглэж байсан сам, малгай, алчуур зэргийг хэрэглэх үед халдвар авдаг.
Шинж тэмдэг
Арьс, хуйх, заримдаа хумс гэмтдэг. Мөөгөнцөр нь халдварласнаас хойш өвчний эхний шинж тэмдэг илрэх хүртэл хоёр гурван өдрөөс хоёр долоо хоног хүртэлх хугацаа өнгөрдөг. Үүний дараа арьс, хуйханд хугарсан үсээр хучигдаж, холцруул, хайрстай ганц, эсвэл хэд хэдэн халцархай толбо үүсдэг. Гэмтсэн хэсгийн үс нь хяргуулсан, авхуулсан мэт харагддаг болохоор ийнхүү нэрлэжээ. Өвчилсөн хүний дархлаа нь сул, эсвэл эмчилгээ хийгээгүй зарим тохиолдолд өвчний явц хүндэрч халуурах, тууралт нь идээлэх, булчирхай цочих зэрэг шинж тэмдэг ажиглагддаг.
Эмчилгээ
Оношийг арьсны эмч тавина. Ингэхдээ оношийг баталгаажуулахын тулд Вудын гэгддэг тусгай гэрэл ашиглаж болно. Энэ чийдэнгийн гэрэлд мөөгөнцрийн халдвар авсан арьс нь ногоовтор туяагаар гэрэлтдэг. Мөн микроскопоор арьснаас авсан хэсгийг харна. Орчин үеийн эм бэлдмэлүүд нь хяргадаг үлдээс бүрэн эмчилж чаддаг. Арьс ганцхан газраа гэмтсэн үед гэмтсэн хэсгийг хүхэр салицилын 5-10% тос, 2-5% нь йодын спиртэн уусмалыг түрхдэг. Өвдсөн хүмүүс нь хувийн ариун цэврийг сайтар сахих шаардлагатай. Хяргадаг үлдийг оношлох, ямар эм, бэлдмэл хэрэглэхийг зөвхөн мэргэжлийн эмч заах чадвартай гэдгийг анхаараарай.