Хайрст үлд нь үсний хаг шиг жижиг хэсгийг хамарч эсвэл том хэсгүүдийг хамарч үүсдэг. Арьсны гадна талд арьсны эсүүд үүсэн давхар арьсны давхарга үүсэж хуурайшин загатнах, улаан гүвдрүү гарах, заримдаа өвдөлт мэдрэгдэх шинж тэмдгүүд илэрдэг. Удаан хугацааны архаг хэлбэртэй явагддаг өвчин бөгөөд зарим хэсгийн үлд эдгэрч байхад зарим нь гарч эхлэх байдлаар үргэлжилдэг. Ихэнх тохиолдолд хэдэн долоо хоногоор гарч байгаад хэсэг хугацаанд намдан дахин гарч эхлэх байдлаар үргэлжилдэг.
Хайрст үлдийн төрөл:
- Тахал маягийн хайрст үлд -Арьсыг улаан эсвэл саарал өнгийн хайрс шиг зүйл бүрхэж хуурайшиж загатнах байдлаар илэрнэ. Аман дотор, бэлэг эрхтэнд гээд биеийн аль ч хэсэгт бий болж болно.
- Хумсны хайрст үлд – Гарын болон хөлийн хумс давхар урган, өөр өнгөтэй болох байдлаар илрэх бөгөөд давхар ургасан хумс арьснаас хөндийрч унах, үйрч унах аюултай.
- Хуйхны хайрст үлд – Хуйханд улаан, саарал эсвэл цагаан өнгийн загатнасан хайрс үүсэх бөгөөд хаг үүссэн мэт цагаан зүйл унаж болно.
- Дусал хэлбэрийн хайрст үлд – Хүүхдүүд болон залуу хүмүүст ажиглагдах бөгөөд бактерийн халдвараас үүднэ. Арьсан дээр олон жижиг тууралт байдлаар бий болдог ба хэсэг хугацааны дараа арилж, дахин үзэгдэхгүй ч байж болно.
- Дотор хэсгийн хайрст үлд – Цавь, суганы дотор хэсэг, хөхний доод хэсэг, бэлэг эрхтнээр гардаг бөгөөд улаан өнгийн үрэвссэн арьс байдлаар харагддаг. Хөлрөхөд илүү ихээр бий болно.
- Идээт хайрст үлд – Идээт үлд нь гар, хөл болон хурууны үзүүрээр бий болдог. Энэ төрлийн үлд нь идээгээр дүүрсэн байх бөгөөд үлд бий болсноос хэдхэн цагийн дотор улайж, хөндүүрлэнэ. Идээт үлдийн үед халуурах, загатнах, гүйлгэх зэрэг шинж тэмдэг ажиглагддаг.
- Арьс хуурах үлд – Энэ төрлийн хайрст үлд нь хамгийн ховор тохиолдох бөгөөд биеийг бүхэлд нь хайрсаар бүрхэж дараа нь маш хүчтэй загатнан улмаар арьс хуурахад хүргэнэ.
- Хайрст үлдээс үүдсэн ясны үрэвсэл – Үрэвссэн хайрслаг арьснаас гадна үе мөчөөр өвдөж, хавдах шинж тэмдэг илэрнэ.
Шалтгаан:
Хайрст үлд үүсэх шалтгаан нь тодорхойгүй боловч дархлаа болон арьсны эсүүдэд өөрчлөлт орсонтой холбоотой гэж үздэг. Хүний арьсны эсүүд нь арьсыг гэмтсэн тохиолдолд нөхөн төлжинө. Энэ өвчний үед арьсны эсүүд эрүүл арьсыг гэмтсэн гэж андуурснаас шинэ арьс давхар ургадаг. Арьсны эсүүдийг ийм байдалд ороход хэдэн хэдэн төрлийн өдөөгчүүд нөлөөлдөг байж болзошгүй. Үүнд:
- Биеийн аль нэг хэсэг нянгийн халдвар авсан
- Нарны туяанд хэт түлэгдэх
- Арьсыг гэмтээх
- Амьтанд хазуулах
- Стресст орох
- Хүйтэн агаар
- Тамхи татах
- Алкоголийн зохисгүй хэрэглээ
- Цусны даралт буурах, өвчин намдаах үйлчилгээтэй эмийн гаж нөлөө
Нөлөөлөх хүчин зүйлс:
- Удамшлын нөлөө
- Вирусийн болон нянгийн халдвар авах
- Дархлааны өвчтэй бол
- Стресст ойр ойрхон ордог байх
- Хэт таргалалттай
- Тамхи татдаг хүмүүс энэ өвчнөөр өвчлөх магадлал өндөр байдаг.
Шинж тэмдэг:
Хүн хүн ялгаатай шинж тэмдэгтэй тул доорх зовуурийн аль нэг нь илэрсэн тохиолдолд хайрст үлд үүссэн гэж ойлгоно. Ихэнх тохиолдолд эмчийн үзлэгээр хайрст үлдийг оношлох боломжтой. Хэрэв шаардлагатай гэж үзвэл арьснаас дээж аван шинжилгээ хийнэ.
- Арьсан дээр улаан гүвдрүү үүссэн байх
- Хүүхдүүдийн хувьд толгойн хэсэг үс халзарсан байх
- Арьс хуурайшиж хагарах, цус гарах
- Хумс зузаарч, хугарсан байх
- Үе мөчөөр хавдаж, хөдөлгөөн хязгаарлагдах
Эмчилгээ:
Хайрст үлдийг бүрэн эмчлэх боломжгүй тул дахин арьс ургахаас сэргийлэх, үрэвсүүлэхгүй байх, давхар ургасан арьсыг авах эмчилгээ хийдэг. Эхний элжинд тосон түрхлэг түрхэх бөгөөд түрхлэгүүд нь өвчин намдаах, загатнааг намдаах үйлчилгээтэй байна. Гэвч удаан хугацаанд түрхлэг хэрэглэснээр үйлчилгээ нь мууддаг. Мөн гэрлийн туяагаар эмчилгээ хийнэ. Эмнэлгийн зориулалтын шарах машин, лазер эмчилгээ, байгалийн нарны гэрэлд биеэ шарах зэрэг арга хэмжээг авч нэмж ургасан арьсыг хатаах байдлаар эмчилнэ. Хүндэрсэн эсвэл бусад эмчилгээ нөлөөлөхгүй бол арьсны эсүүдийг устгах тариа хэрэглэдэг.
- Хайрст үлдээс үүдэн дараах хүндрэлүүд бий болох магадлалтай.
- Хайрст үлдээс үүдэн үений үрэвсэл болох
- Нүдэнд өөрчлөлт орох буюу нүдний торлог бүрхүүл үрэвсэх, хараа муудах
- Таргалах- Ямар шалтгааны улмаас таргалдгийг илрүүлээгүй боловч хайрст үлдээр өвчилсөн хүмүүс таргалж эхэлдэг.
2-р хэлбэрийн чихрийн шижинтэй болох
- Цусны даралт өндөр болох
- Зүрх судасны өвчтэй болох
- Бусад дархлалын өвчтэй болох
- Бөөрний дутагдалд орох магадлалтай.
Энэ өвчнийг бүрэн эмчлэх боломжгүй тул хурдацтайгаар арьсны давхаргууд үүсэхийг зогсооход эмчилгээний гол зорилго оршино.
Зөвлөгөө:
Хэдийгээр эдгээр арга хэмжээ нь хайрст үлдийг эмчлэхгүй ч загатнах, хорсох шинж тэмдгүүдийг намдаахад тусална.
- Өдөр бүр усанд орж ургасан арьсыг дэвтээх
- Биеийн хоргүй тос түрхэж арьсаа зөөлрүүлэх
- Өдөр бүр бага хэмжээгээр наранд биеэ шарж байх
- Арьсны үрэвсэл үүсгэх өдөөгчөөс зайлсхийх
- Алкахол хэрэглэхгүй байх
- Зуун настын навчийг зүсэж үлд гарсан арьсыг зөөлөн арчиж загатнааг арилгах
- Загасны тос хэрэглэж үрэвслийг дарах – өдөр бүр 3гр загасны тос уух