Умайн хүзүүний өмөн нь умайн хүзүүг бүрхэж байдаг хучуур эдээс үүсдэг. Хэвийн эсүүд нь өмөнгийн өмнөх үе шатных болж өөрчлөгдөөд, дараа нь хорт хавдрын эсүүд болж хувирдаг.
Төрөл
Умайн хүзүүний хорт хавдрыг хавтгай эст ба аденокарцином гэсэн хоёр үндсэн төрөл болгон ялгадаг. Хорт хавдар болон өөрчлөгдөх явц нь гол төлөв хэдэн жил үргэлжилдэг ч заримдаа ганцхан жилийн дотор явдаг байна. Энэ хорт хавдар нь гол төлөв дундаж насны буюу 35-55 насны эмэгтэйчүүдэд тохиолддог. Харин 20 доош насны эмэгтэйчүүдэд тохиолдох нь ховор. Нийт тохиолдлуудын 20% нь 65 дээш насны эмэгтэйчүүдэд тохиолддог.
Шалтгаан
Энэ хорт хавдар үүсэх магадлалыг нэмэгдүүлдэг эрсдэлийн зарим хүчин зүйлсийг сүүлийн жилүүдэд баттайгаар тогтоосон юм.
- Жишээлэхэд, хүний папиломын вирус. Хүний папиломын вирус нь бэлгийн замаар халдварладаг бөгөөд умайн хүзүүний хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг хамгийн чухал эрсдэлийн хүчин зүйл болдог.
- Тамхи таталт нь хорт хавдар үүсэхэд ихээхэн таагүй үүрэг гүйцэтгэдэг. Тамхины утаанд агуулагддаг хорт хавдар үүсгэх нөлөөтэй бодисууд нь умайн хүзүүний эсүүдийн ДНХ-г гэмтээснээр хорт хавдар үүсэх таатай орчин бүрдүүлнэ.
- Дархлалын системийн дутагдал хорт хавдар үүсэхэд ихээхэн нөлөөлнө. Энэ систем нь хүнийг хорт хавдраас хамгаалж байдаг.
- Харин ДОХ-ын вирус нь папиломын вирусыг эсэргүүцэх чадварыг бууруулан умайн хүзүүний хорт хавдар эрт үүсэхэд хүргэдэг.
- Мөн жимс, ногоо багатай хоол, унд нь умайн хүзүүний хорт хавдар үүсэх эрсдлийг ихэсгэдэг.
Эрсдэлийн хүчин зүйлсийн нөлөө
Эрсдэлийн хүчин зүйлс гэдэгт хорт хавдар үүсэх магадлалыг өндөрсгөдөг зүйлс ордог. Гэхдээ нэг, эсвэл хэдэн хүчин зүйл зэрэг нөлөөлнө гэдэг нь шууд хорт хавдар үүснэ гэсэн үг биш гэдгийг анхаарах хэрэгтэй.
- Жирэмслэлтээс сэргийлэх эм. Жирэмслэлтээс сэргийлэх эмийн тав ба түүнээс олон жилийн турш хэрэглэх нь умайн хүзүүний хорт хавдар үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг. Ийм эмийг арав ба түүнээс олон жилийн турш хэрэглэж байгаа эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх эрсдэл дөрөв дахин их байдаг.
- Хламидийн халдвар. Хүний нөхөн үрхжихүйн системийг гэмтээтэг олон тооны бактериудын нэг нь хламид юм. Хламид нь бэлгийн замаар халдварлагддаг.
- Хооллолт. Жимс, ногоо багатай хоолны дэглэм, илүүдэл жин нь умайн хүзүүний хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
- Олон удаагийн жирэмслэлт. Олон удаа төрсөн эмэгтэйчүүдийн дунд умайн хүзүүний хорт хавдар үүсэх эрсдэл өндөр байдаг.
- Нийгэмд эзлэх байр суурь ба эдийн засгийн боломж доогуур байх.
- Гэр бүлд нь умайн хүзүүний хорт хавдрын тохиолдол гарч байсан бол энэ эмгэг үүсэх эрсдэл мөн л нэмэгдэнэ. Ялангуяа ээж, эсвэл эгч, эмэгтэй дүү нь умайн хүзүүний хорт хавдраар өвдөж байсан бол эрсдэл өндөр.
Урьдчилан сэргийлэлт
Умайн хүзүүний хорт хавдрын дийлэнх нь өмөнгийн өмнөх өвчнөөс үүсдэг. Хүний папиломын халдвар гэсэн хүчин зүйлээс сэргийлж чадвал умайн хүзүүний өмөнгийн өмнөх ихэнх байдлаас зайлсхийж чадах юм.
- Хэт эрт бэлгийн амьдралд орохоос сэргийлэх
- Бэлгийн хавьтагчдын тоог хязгаарлах
- Олон тооны бэлгийн хавьтагчтай хүмүүстэй хавьталд орохоос зайлсхийх
- Жил болгон тогтмол эмэгтэйчүүдийн үзлэгт орох
- Энэ хорт хавдар илрүүлэх скрининг тест хийлгэх
- Гэр бүлтэй хүмүүс тохиолдлын бэлгийн хавьтлаас зайлсхийж үнэнч байх
- Бэлгийн хавьталд орохдоо бэлгэвч заавал хэрэглэх
- Тамхи татах хорт зуршлыг тэвчих
Халдварын тархалтаас үүдэлтэй энэ хорт хавдрын дийлэнх нь тусгай үзлэгт орж байгаагүй буюу умайн хүзүүний мазок /наалдцацын шинжилгээ хийлгэж байгаагүй эмэгтэйчүүдэд илэрдэг.
Шинжилгээ, Оношилгоо
Умайн хүзүүний өмөн болон өмөнгийн өмнөх үе шатны оношлогоог микроскопын шинжилгээгээр хийдэг.
- Эмэгтэй хүн бүр бэлгийн амьдрал эхэлснээс хойш гурван жилийн дараа, гэхдээ 21 наснаас хэтрүүлэлгүйгээр энэ хорт хавдар илрүүлэх скрининг үзлэгт орж байх ёстой.
- Умайн хүзүүний наалдцын шинжилгээгээр гурав дараалан сөрөг үр дүн гарсан эмэгтэйчүүд 30 наснаас хойш скринингийг 2-3 жилд нэг удаа өгч байж болно.
- Зарим эмэгтэйчүүд нь цаашид хүүхэд төрүүлэхгүй гэсэн үүднээс үзлэгт орох шаардлагагүй гэж үздэг нь том төөрөгдөл юм.