Лейомиома, миома гэж бас нэрлэгддэг умайн хоргүй хавдар өвчин бол умайд ургадаг булчингийн хавдар юм. Цөөн тохиолдолд хортой хавдарт шилждэг.
Умайн хоргүй хавдар нь хэлбэр, хэмжээ, байрлалаараа өөр өөр байдаг. Умайн хөндий, хананд байрладаг. Нүдэнд харагдахгүй жижиг хэмжээтэйгээс эхлээд умайг нилэнхүйд нь хамарсан хэмжээтэй байдаг.
Умайн хоргүй хавдар нь ихэнхдээ төрөх насны 30-40 насны эмэгтэйчүүдэд тохиолддог. Хар арьстай хүмүүст цагаан арьстай хүмүүсээс илүү тохиолддог.
Ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
- Цус ихээр алдах, биений юм өвдөлттэй ирэх
- Биеийн юмны мөчлөгийн хооронд цус гарах
- Давсаг орчмоор өвдөх, дарж өвдөх, дүүрэх
- Умай, хэвлий томрох
- Өтгөн хатах
- Ойрхон шээх, давсаг бүрэн сулрахгүй байх
- Бэлгийн ажлын үед өвдөх
- Зулбалт, үргүйдэл
Шалтгаан
Шалтгаан бүрэн тодорхойгүй ч даавар, генетикийн шалтгаан нөлөөлж байна гэж үздэг.
Даавар. Эстроген, прогестерон дааврууд нь сар бүр биений юм ирэх үед умайн ханыг зузааруулдаг. Тэгэхээр хоргүй хавдрын ургалтыг бас дэмжиж болно гэж үздэг. Цэвэршилтийн үед эдгээр дааврууд багасахад умайн хоргүй хавдарууд жижгэрдэг.
Генетик. Умайн хоргүй хавдар, умайн эрүүл эс хоёр генетикийн ялгаатайг олж тогтоосон
Эрсдэлт хүчин зүйлс
Нас, үндсээс гадна тухайн хүний ээж, эгч, дүү энэхүү өвчнөөр өвдөж байсан эсэх гэр бүлийн түүх эрсдлийг нэмэгдүүлдэг. Мөн бусад олон төрлийн хүчин зүйлүүд хавсарч нөлөөлдөг:
- Анхны биеийн юм эрт ирэх
- Жирэмслэлтээс сэргийлэх эм хэрэглэх
- Витамин Д-ын дутагдал
- Улаан мах их идэх, ногоон хүнсний ногоо, жимс, цагаан идээ бага хэрэглэх
- Архи, дарсны хэрэглээ
Урьдачилан сэргийлж болох уу?
Урьдачилан сэргийлэх боломжгүй ч зарим амьдралын хэвшлээ өөрчлөх нь эрсдлийг бууруулна.
Сахар их агуулсан хүнс хэрэглэдэг эмэгтэйчүүдэд тус өвчнөөр өвдөх эрсдэл өндөр байдгийг тогтоосон байдаг. Мөн шинэ жимс, брокколи, байцаа, цэцэгт байцаа, аругула ногоо, далматин байцаа, манжингийн навч идэх нь эрсдлийг бууруулдаг. Эдгээр ногоонууд нь бета-каротен, фолийн хүчил, витамин С, Е, К болон бусад витаминаар баялаг юм. Мөн эслэг их агуулна.
Тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь умайн хоргүй хавдараар өвчлөх эрсдлийг бууруулдаг.
Умайн хоргүй хавдарыг хэрхэн оношлох вэ?
Ямар нэг шинж тэмдэг илрэх , эмчид үзүүлж доорх шинжилгээнүүдийг хийлгэх хүртэл уг өвчин биед үүссэнийг мэдэхгүй явах тохиолдол элбэг байдаг.
Хэт авиан шинжилгээ:
Дүрс оношлогооны эхний шинжилгээ болдог. умайн зургийг авч хоргүй хавдрын байрлал, хэмжээг харна.
MRI шинжилгээ:
Хэт авиан оношлогоогоор хангалттай мэдээлэл авч чадахгүй бол MRI хийнэ. Ямар төрлийн хавдар байгааг тодорхойлж эмчилгээний сонголтыг хийнэ.
Хоргүй хавдарыг илүү тодорхой харахын тулд тодосгогч бодисыг судсаар хийж хардаг.
Гистеросонографи:
Умайд ариун давсны уусмал хийж умайн хана, хоргүй хавдар, рентгенээр тодорхой харах боломжгүй байдаг зөөлөн эдийн талбайг харах боломжтой болдог. Биений юм дууссанаас 7 хоногийн дараа хийдэг. Шинжилгээнээс өмнөх хоногуудад бэлгийн ажил хийхгүй байх хэрэгтэй. Уг шинжилгээг хийхэд зовиур байдаггүй бөгөөд шинжилгээ хийлгэсэн дороо өдөр тутмын хэвийн хэмнэлдээ орох боломжтой.
Гистероскопи:
Умайн хүзүүгээр дуран оруулан умайг харна. Умайг тэлэхийн тулд давсны уусмал хийж үрийн хоолой болон умайн ханыг харна. Тусгай багажаар хоргүй хавдарыг авна.
Ажилбараас шалтгаалан хэвлийгээр өвдөх, бага зэрэг цус гарах, бага зэргийн зовиуртай байдал үүсэх шинж тэмдэг илэрч болно.
Эмчилгээ
Умайн хоргүй хавдрын үед эмчилгээ хийх эсэх нь ямар хүндрэл үүсгэж байгаагаас хамаарна.
Хоргүй хавдар болгон ургаж том болдоггүй. Том хэмжээтэй ч ямар нэг шинж тэмдэг өгөхгүй байж болох бөгөөд цэвэршилтийн дараа жижгэрдэг.
Тэгсэн ч эмч ургалтыг хянаж өвдөлт, цус алдалт зэрэг шинж тэмдгийг анхаардаг. Жил бүр дотуур үзлэг хийлгэж байх хэрэгтэй.
Гэрээр эмчилж болох уу?
Гэрээр эмчлэх боломжгүй. Харин хэвлий, давсагаар өвдөх, зовиурлах үед доошоо харж хэвтэх, халуун жин тавих арга хэрэглэж болно.
Ямар эмийн эмчилгээ хийдэг вэ?
Ибупрофен зэрэг өвчин намдаах эм хэрэглэж болно. Дараах төрлийн эмийн эмчилгээ хийдэг:
- Дааврын эмчилгээ. Умайн хоргүй хавдрыг томруулахгүйн тулд жирэмслэлтээс сэргийлэх эм хэрэглэх, даавар нөхөх эмчилгээ хийлгэж байгаа бол зогсоох шаардлагатай болно. Гэхдээ умайн хоргүй хавдраас шалтгаалсан цус алдалт, цус багадалтыг зогсоохын тулд жирэмснээс сэргийлэх эмийг хэрэглэх тохиолдол байдаг.
- Гонадотропин сэдээгч дааврын агонист эмчилгээ. Хүний бие гонадотропиныг ялгаруулдаг. Энэхүү гормоныг хориглож хоргүй хавдар, цус багадалтыг багасгана. Яс сийрэгжүүлдэг учир 6 сараас илүү хугацаагаар хэрэглэж болохгүй. Эсвэл үүний оронд яс сийрэгжилтэнд бага нөлөөлдөг прогестрин дааврыг бага тунгаар хэрэглэнэ.
- Эстрогений рецепторыг сонгомлоор зохицуулагчид. Эстроген дааврын хэмжээг зохицуулдаг эм. Биений юмыг алдагдуулахгүйгээр умайн хоргүй хавдрын хэмжэг багасгана.
Ерөндөг ямар ач тустай вэ?
Ерөндөг бол жирэмснээс сэргийлэх хэрэгсэл. Зарим нь прогестрин даавартай байдаг. Хэдий умайн хоргүй хавдарыг жижигрүүлэхгүй ч цус алдалт, хэвлийгээр өвдөхөд тустай байдаг.
Эмчилгээний ямар ажилбар хийгддэг вэ?
- Хоргүй хавдрын эмболизаци: умайн хоргүй хавдрыг жижгэрүүлнэ. Умайн хоргүй хавдрыг тэмжээдэг артерийн судасруу поливинил спирт тарина. Поливинил спирт нь хоргүй хавдрыг тэжээж байгаа цусан хангамжийг хааж хавдрыг жижигрүүлнэ.
- Эндометрийн аблаци: жижиг хэмжээний хавдраас цус гарч байгааг тогтоохын тулд умайн ханыг түлж соривжуулах ажилбар.
- Миомэктоми: хоргүй хавдрыг тайрч авах мэс ажилбар. Энэхүү ажилбараас шалтгаалан сорив үүсдэг учир үргүйдэлд хүргэж болзошгүй байдаг. Жирэмслэх төлөвлөсөн бол мэс ажилбараас 4-6 сарын дараа боломжтой. Миомэктомигоор өвчин зовиур арилдаг. Гэхдээ хоргүй хавдар эргэж ургадаг. Мэс ажилбарын эдгээр үр дүнгүүд нь умайд хичнээн тооны хоргүй хавдар байгаа, тэдгээрээс хэдийг нь мэс заслаар авах боломжтой вэ гэдгээс хамаарна. Мэс заслыг хэвлийгээр, үтрээний дуран, хэвлийн дурангийн мэс заслаар хийдэг.
- Гистерэктоми. Умайг авах мэс засал. Хоргүй хавдар том хэмжээтэй байх, биеийн юм их хэмжээтэй ирэх үед хийгдэх бөгөөд ирээдүйд жирэмслэх, хүүхэдтэй болох эсэхээ шийдвэрлэсэн байх ёстой.