Мика Монгол Мика Монгол

Түрүү булчирхайн томрол гэж юу вэ?

Хүн биедээ байнга анхаарал тавьж байх шаардлагатай байдаг. Цаашлаад нас ахих тусам хүний бие өөрт захирагдахгүйгээр өөрчлөгдөж байдаг. Эрчүүдийн хувьд эдгээр өөрчлөлтүүдийн нэг нь түрүү булчирхай томрох явдал байдаг.

Энэ нь хэдийгээр хөгшрөлтийн онцлог боловч нөгөө талаар түрүү булчирхайн томрол хэмээх эмгэг байдлыг бий болгодог.

Түрүү булчирхай нь шодойгоор шээс, үрийн шингэнийг дамжуулдаг шээсний сувгийн нэг хэсгийг тойрч байрладаг. Хэрвээ түрүү булчирхайн томрол болвол түрүү булчирхай хэмжээгээрээ томорч энэхүү шээсний сувгийг шахаж дардаг. Ингэснээр шээсний гаралт багасч шөнө босож олон удаа шээх шаардлагатай болдог. Цаашлаад шээсний замын бусад шинж тэмдэгүүд гарч ирэхэд хүргэнэ.

Түрүү булчирхайн томрол нь түрүүн булчирхайн хавдар биш юм. Энэ бол настай эрэгтэйчүүдэд голлон тохиолддог, амьдралын хэвшлээ өөрчлөхөөс авахуулаад эмийн эмчилгээ, мэс заслын эмчилгээ хүртэлх олон төрлийн эмчилгээ шаардагддаг элбэг тохиолддог өвчин юм.

Түрүү булчирхайн томрол ямар шалтгаантай байдаг вэ?

 Шалтгаан нь бүрэн тодорхойгүй. Насны өөрчлөлтөөс шалтгаалж дааврын хэвийн хэмжээ өөрчлөгдсөнөөс шалтгаалдаг гэж бас үздэг боловч бас бүрэн тодорхойгүй асуудал хэвээр байгаа.

Бэлгийн бойжлын эхэн үед түрүү булчирхай хэмжээнээсээ 2 дахин томордог. Дараа нь, 25 орчим насанд дахин өсч томордог. Харин үүнээс цааш энэ өсөлт ихэнх эрчүүдэд дахин тохиолдох бөгөөд тэр үед түрүү булчирхайн томрол хэмээх энэхүү эмгэгийг үүсгэдэг.

Шинж тэмдэг

Түрүү булчирхай томрох тусам шээсний сувгийг шахдаг. Ингэснээр дараах шинж тэмдгүүд илэрнэ:

  • Бие зассаны дараа шээс дуслах
  • Шээхэд дүлүүлэх
  • Шээс удаан гарах, тасалдах

Шээсний суваг шахагдсанаар давсаганд бас шээсийг шахаж гаргахад хэцүү болж ирнэ. Энэ байдал удаан үргэлжилвэл давсагны булчин суларч шээсээ суллаж чадахгүй болно. Ингэснээр:

  • Шээсний дараа дахин шээмээр болох
  • Ойр ойрхон шээх: өдөрт 8-аас дээш удаа шээх
  • Шээсээ барьж чадахгүй болох
  • Гэнэт шээс хүрэх
  • Шөнө олон шээх

Түрүү булчирхайн хэмжээ том байх тусмаа зовиур их байна гэсэн үг биш. Шинж тэмдэг хүн бүрт өөр өөрөөр илрэх бөгөөд түрүү булчирхай их томорсон байсан ч зовиур илрэхгүй байх тохиолдол бий.

Оношлогоо

Өвчтөний болон гэр бүлийн түүхийг асууж судална. Дараа нь биеийн ерөнхий үзлэг хийнэ. Шулуун гэдэсний үзлэгээр түрүү булчирхайн хэлбэр хэмжээг эмч хуруугаараа тэмтэрч үздэг.

Ерөнхий шинжилгээ:

  • Бөөрний өөрчлөлтийг үзэх цусны шинжилгээ
  • Халдвар болон бусад шалтгаануудыг оношлох зорилгоор шээсний шинжилгээ
  • Түрүү булчирхайн өвөрмөц антиген үзэх цусны сорил: энэ антигений түвшин өндөр байвал түрүү булчирхай томролтой байна гэж үздэг. Мөн түрүү булчирхайн хавдрын үед хийгддэг шинжилгээ юм.

Нэмэлт шинжилгээ: дээрх шинжилгээний үр дүн дээрээс үндэслэн өвчнийг нарийвчлан шинжлэх зорилгоор нэмэлт шинжилгээ хийнэ:

  • Хэт авиан шинжилгээгээр түрүү булчирхайг шинжлэх
  • Хэт авиан шинжилгээгээр давсаг хэрхэн суларч байгааг харах
  • Хавдарыг үгүйсгэх зорилгоор эдийн шинжилгээ хийх
  • Ямар хэмжээний шээсийг ямар хүчээр гаргаж байгааг хэмжих шээс гаралтын сорил хийх
  • Давсагны үйл ажиллагааг үнэлэх шээсний хөдлөл зүйн шинжилгээ хийх
  • Цистоуретроскопи хийж түрүү булчирхай, шээсний суваг, давсагийг дурандаж харах

Эмчилгээ

Эмчилгээ нь өвчтөний нас, эрүүл мэндийн байдал, түрүүн булчирхайн хэмжээ, түрүү булчирхайн томрол хүний биед нөлөөлж байгаа байдал зэргээс хамаарна. Зовиур илрээгүй бол эмчилгээ хийлгүйгээр ажиглах хэрэгтэй байдаг.

Амьдралын хэвшлээ өөрчлөх:

  • Дасгал хийж аарцгийн хөндийн булчингуудыг сайжруулах
  • Уух шингэний хэмжээг багасгах, тэр тусмаа унтахаасаа өмнө
  • Каффейн, спиртын төрлийн ундаа бага уух

Эмийн эмчилгээ: хөнгөн, дунд зэргийн явцтай түрүүн булчирхайн томролын үед эмийн эмчилгээ голлон хийнэ. Давсаг, түрүү булчирхайн булчинг сулруулах эмийн эмчилгээ байна. Нөгөө талд түрүү булчирхайг багасгах эмчилгээ хийнэ. Эдгээр төрлийн эмчилгээг хамт хэрэглэж байж үр дүн өгөх тохиолдол ч байна.

Ажилбар: амьдралын хэвшлээ өөрчлөх, эмийн эмчилгээ хийх арга үр дүнгүй үед түрүү булчирхайн хэсгийг болон бүхлээр нь авах аргуудаас хэрэглэнэ. TUMT, TUNA, Rezūm зэрэг хүний биед шарх, зовиур бага үүсгэх мэс заслын аргаар түрүү булчирхайг тайрдаг. Мөн өөр мэс ажилбарууд хийдэг:

  • Түрүү булчирхайг тайрах лазер эмчилгээ
  • Түрүү булчирхайн трансуретрал тайралт: шээсний сүвээр дуран оруулж булчирхайг тайрч авах
  • Түрүү булчирхайн трансуретрал зүсэлт: түрүү булчирхайн шээсний суваг дарж байгаа даралтыг багасгахын тулд булчирхайд цөөн тооны жижиг зүсэлт хийх
  • UroLift эмчилгээ: томорсон түрүү булчирхайг тусгай багажаар татаж шээсний замыг чөлөөлөх

Мөн уламжлалт аргаар нээлттэй мэс засал хийх сонголт бий.

Хүндрэл: түрүү булчирхайн томролын мэс заслын дараа цус алдах, шээсний суваг нарийсах, шээсээ барьж чадахгүй болох, хөвчрөлт алдагдах, үрийн шингэн ялгаруулалт алдагдах зэрэг гаж нөлөө илэрч болно.

Түрүү булчирхайн томрол нь хавдар болдоггүй.

Түрүү булчирхайн томрол нь дараах хүндрэлүүдэд хүргэдэг:

  • Давсаг үрэвсэх
  • Давсагны чулуу
  • Шээсний замын халдвар
  • Шээс цустай гарах

Түрүү булчирхайн томролд хэрэглэгддэг нэмэлт бүтээгдэхүүн

  • Бета-ситостерол
  • Pygeum мод
  • Rye өвс
  • Saw palmetto

Бета-ситостерол: олон төрлийн ургамалд агуулагддаг бодис. Энэхүү бодис нь түрүү булчирхайн хэмжээнд нөлөөлөхгүй, харин давсагаа суллах, шээсний гаралт сайжрахад нөлөөлдөг. Түрүү булчирхайн томролын бусад зовиурт ч гэсэн тустай байдаг.

Pygeum: африкын чавганы модны хальснаас гаргаж авдаг. Үүнийг хэрэглэхэд шөнө шээх, олон шээх, шээс гаралтыг сайжруулах, давсагаа суллахад тустай.

Rye өвсний ханд: түрүү булчирхайн доорх зовиуруудыг намдаана:

  • Бие зассаны дараа шээс дусагнах
  • Олон дахин шээх
  • Шээхэд өвдөх
  • Шээс гаралт сулрах
  • Шээс амархан хүрэх

Түрүү булчирхайг багасгаж давсагаа суллах, шээс гаралт сайжрахад тустай.

Saw palmetto: хойд америкт ургадаг намхан мод. Түрүү булчирхайн томролын дараах шинж тэмдгүүдийг дардаг:

  • Шээс дүлүүлэх
  • Олон дахин шээх
  • Шээс гаралт сулрах
  • Шээс амархан хүрэх

Бүрэн судлагдаагүй боловч үр дүнтэй байдаг бэлдмэлүүд байдаг.

  • Хулууны үр: хулууны үрний тос нь түрүү булчирхайн томролын зовиурыг бууруулж түрүү булчирхайн хэмжээг багасгадаг. Saw palmetto гэх мэт бусад бүтээгдэхүүнүүдтэй хамт хэрэглэхэд үр дүнтэй.
  • Халгай: энэхүү ургамлын үндэс нь шээс гаралтыг сайжруулж шөнө олон шээхэд тустай. Мөн бусад ижил төрлийн бэлдмэлүүдтэй хамт хэрэглэнэ.
  • Сармисны усан ханд
  • Маалингийн ханд
  • Сүүн азаргана
  • Хатаасан цангис жимс
  • Кверцетин (алим, цай, улаан усан үзэм зэрэгт агуулагдана)
  • Улаан хошоонгор
  • Селени