Трихомониаз өвчин нь /Trichomonas vaginalis/-р шимэгчээр үүсгэгддэг бэлгийн замын халдвар юм. Шилбүүртэй лийр хэлбэрийн үтрээний трихомонад гэгч эгэл биетнээр үүсгэгддэг. Ихэвчлэн үтрээгээр хийгдсэн бэлгийн хавьтлын үед халдварладаг бөгөөд хүний шээсний суваг, эсвэл бэлэг эрхтэнд нэвтэрмэгц тэдгээрийг бүрхэж байдаг эсүүдээс тэмтрүүлийнхээ тусламжтайгаар бэхлэгдэж авдаг. Үүний дараанаас маш эрчимтэй үржиж эхэлнэ. Ингэсээр тоо нь хэт олшрох үед хүний эсүүдийг гэмтээж эхэлдэг.
Үр дагавар
Бэлэг эрхтний үрэвсэл өөрчлөлт үүсгэдэг тул трихомониад нь эмэгтэйчүүдийн үргvйдлийн шалтгаан болох нь элбэг. ХДХВ болон бусад БЗХӨ тусах магадлал нэмэгддэг.
Жирэмсэн эмэгтэй:
- Дутуу төрөх
- Ургийн жин бага байх
- Урагт халдварлах зэрэг хүндрэлүүд үүсэх аюултай.
Халдвар дамжих зам
- Халдвартай хүнтэй хамгаалалтгүй буюу бэлгэвчгүйгээр бэлгийн хавьталд орох
- Аман болон шулуун гэдсээр секс хийх үед халдварлах магадлал бага боловч бэлэг эрхтэнг үтрээнд оруулах үед халдварлах магадлал хамгийн өндөр байдаг
- Ахуйн замаар трихомониаз өвчний халдвар дамжихгүй гэдэг боловч нойтон ялгадсанд үтрээний трихомонус тодорхой хугацаанд идэвхтэй хэвээр байдаг учир ялангуяа бага насны охид ахуйн замаар халдвар авч болох юм.
- Трихомониаз нь жорлонгийн суултуур, усны хувцас, ус зэрэгт 45 минутаас дээш хугацаанд амьдрах чадвартай.
- Магадгүй энд тэнд саунд суух, бассейнд сэлэх зэрэгтээ сайн ариутгаагүй алчуур зэргээр арчиж халдварласан байхыг үгүйсгэх аргагүй
Шинж тэмдэг
Халдвар авснаас хойш 1-3 хоногоос 3-4 долоо хоног дундажаар 10-14 хоногийн дараагаар доорх шинж тэмдэг илэрнэ.
Эрэгтэйчүүдэд
- Түрүү булчирхай: салтаа орчим хөндүүрлэх, шээсний дараа хүчтэй өвдөж бэлгийн үйл ажиллагааны хямрал илэрнэ
- Төмсөгний дайвар: ихэвчлэн нэг талын дайвар үрэвсэж хавдан өндөр халуурч хүчтэй өвдөнө
- Үрийн цулцангийн үрэвсэл: ховор тохиолдолд үрийн шингэн цустай гарна.
- Бэлэг эрхтний дотор талаар загатнах
- Дур тавьсны дараа халуу оргих, өвдөх
- Хамгийн түгээмэл шинж тэмдэг нь шээх үед хорсдог
Эмэгтэйчүүдэд
- Умайн хүзүүний суваг, умайн хөндий, умайн гуурсан хоолой, өндгөвчний үрэвслээр хүндэрч болно.
- Үтрээнээс цайвар өнгөтэй хөөсөрхөг шингэн ялгарах /трихомониазын vед ялгадас нь муудсан загасны vнэртэй/
- Бэлэг эрхтэн улайж хавдах, загатнах, хорсох мэдрэмж төрөх
- Секс хийх нь бэрхшээлтэй болох
- Шээс дамжуулах замд үүрлэсэн бол шээх үед өвдөж болзошгүй.
Оношилгоо
Трихомониаз туссан байж болзошгүй үед эмчид хандах шаардлагатай. Ерөнхий наалдацын шинжилгээний үр дvнг илүү оновчтой шинжилгээний аргууд болох иммунофлюоресценц, ПГУ шинжилгээ эсвэл бактер ургуулж баталгаажуулдаг.
Эмчилгээ
Трихомониаз нь эмчлэгддэг өвчин бөгөөд эмч энэ өвчны эсрэг үйлчилгээтэй тусгай эм, дархлаа сайжруулах бэлдмэлvvд, амин дэм болон физик эмчилгээ бичиж өгнө. Эмчилгээний дараа хяналтанд орох хэрэгтэй.
- Эмчилгээний явцад болон дууссанаас хойш дор хаяж 1 долоо хоног бэлгийн харьцааг тэвчих нь зүйтэй.
- Согтууруулах ундаа, халуун ногоог эмчилгээ хийх явцад болон эмчилгээ дууссаны дараа 48 цаг хэрэглэхгүй байх хэрэгтэй.
Урьдчилан сэргийлэлт
Бэлгэвч хэрэглэх, тохиолдлын бэлгийн хавьталд орохгvй байх болон бэлгийн хавьтлын дараа хоёр цагийн дотор антисептик хэрэглэх.