Мика Монгол Мика Монгол

Ходоодны шарх ( 12 хуруу гэдэсний шарх )

Ходоодны хананд өвдөлттэй шарх үүсэхийг хэлнэ.

Ходоодыг хоол боловсруулах замын шүүрлээс хамгаалж байдаг ходоодны нимгэн салст давхрагыг ходоодны хүчил идэж гэмтээснээр шарх үүсдэг.

Шалтгаан

Ходоодны салст бүрхүүл нимгэрсэн, ходоодны шүүрэл хэт ихэсвэл ходоодны хана ходоодны шүүрлээс болж гэмтэн шарх үүсдэг. Үүнд нөлөөлдөг гол 2 шалтгаан байдаг:

  • Бактери. Энэ бактери нь хеликобактери пилори бөгөөд хүн амын тал хувь нь халдварлагдсан байдаг. Ихэнх хүмүүс энэ бактерийн халдвартай байдаг ч шарх үүсдэггүй. Өөр хүмүүст харин энэ бактериас болж ходоодны хүчил ихсэж хамгаалах салст давхрагыг гэмтээж хоол боловсруулах замыг үрэвсүүлдэг.
  • Өвчин намдаах эм. Аспириныг удаан хугацаагаар байнга хэрэглэвэл ходоодны шархтай болох магадлал ихсэнэ. Стеройдын бус үрэвслийн эсрэг эм нь ходоод, нарийн гэдэсний дотор ханыг ходоодны хүчлээс хамгаалдаг бодисыг саармагжуулдаг. Ацетаминофен зэрэг бусад өвчин намдаах эмүүд харин ийм үйлдэл үзүүлдэггүй.

Шинж тэмдэг

Аймхай мөгөөрснөөс хэвлийн хүйс хүртлэх хэсгээр эвгүй оргих, гашуу оргих зовиур ихэнхдээ илэрдэг. Өлөн байх үед, шөнийн цагаар энэ зовиур илүү мэдрэгдэнэ. Өвдөлт хоол идэх үед юм уу антацид хэрэглэх үед түр намдаж эргээд зовиурладаг. Өвдөлт хэдэн минутаас хэдэн цаг хүртэл үргэлжилж болох бөгөөд хэдэн өдөр, сар хүртэл зовиуртай явдаг.

  • Ходоод хавиар өвдөх
  • Жин буурах
  • Өвдөлтөөс болж хоол идэх дургүй болох
  • Дотор муухай оргих, бөөлжих
  • Хэвлий дүүрэх
  • Цатгалан мэдрэмж төрөх
  • Гашуу оргих, гашуунаар гулигах
  • Хоол идэх, уух, антацид хэрэглэх үед өвчин намдах
  • Цус багадалт болох – ядрах, амьсгал давчдах, арьс цонхийх
  • Баас хар гарах
  • Цусархаг юм уу кофе шиг бор зүйлээр бөөлжих

Оношлогоо

Өвчний шинж тэмдгийг асууж үрэвслийн эсрэг эм уудаг эсэхийг тодруулна. Хэвлий цанхайх, дүүрэх шинж тэмдгээр оношийг хангалттай тавьж болох ч нөхцөл байдал байдаг. Хеликобактерийг цус, баас, амьсгалаар үзэх сорил хийгддэг.

  • Рентген шинжилгээ. Бари ууж рентгенд ходоодыг харж ходоод гэдэсний замыг шалгана.
  • Дурангийн шинжилгээ. Уян дуранг ходоодруу оруулж ходоод, нарийн гэдсэнд шарх, цус алдалт болон эдийн бусад өөрчлөлтүүдийг шалгана.
  • Эдийн шинжилгээ. Ходоодны эдээс авч шинжилнэ.

Эмчилгээ

Өвчний шалтгаанаас хамаарч эмчилгээ хийгдэнэ. Эмийн эмчилгээнээс гадна цөөн тохиолдолд мэс засал эмчилгээ шаардлагатай байдаг. Шархнаас цус алдаж байвал яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатай нөхцөл байдал үүсч цус сэлбэх хүртэл арга хэмжээ авахад хүрнэ.

Мэс заслын бус эмчилгээ

 Хеликобактериас шалтгаалсан ходоодны шарханд антибиотик болон хүчил саармагжуулах эмийн эмчилгээ хийнэ. Энэ эмчилгээн дээр нэмээд:

  • Гистамины рецепторыг хориглогч эм
  • Стеройдын бус үрэвслийн эсрэг эмийн хэрэглээг зогсоох
  • Пробиотик
  • Висмутын бэлдмэл

Эмчилгээнд ходоодны шарх хурдан эдгэж болох боловч эмчийн заавраар эмийн эмчилгээг зовиур арилсан ч гэсэн үргэлжлүүж хийх хэрэгтэй. Ялангуяа хеликобактерийн халдварын үед бактерийг бүр мөсөн арилтал эмээ үргэлжлүүлэн уух хэрэгтэй. Ходоодны шарханд уудаг эмүүд гаж нөлөөтэй байдаг:

  • Дотор муухайрах
  • Толгой эргэх
  • Толгой өвдөх
  • Гүйлгэх
  • Хэвлийгээр өвдөх

Мэс заслын эмчилгээ

Дараах цөөн тохиолдох хүндэрсэн ходоодны шарханд мэс засал хийдэг.

  • Дахилттай шарх
  • Эдгэхгүй байгаа шарх
  • Цус алдах
  • Ходоод урагдах
  • Ходоодны агууламж нарийн гэдэсрүү орохгүй байх

Мэс заслын хэлбэр

  • Шархыг тайрч авах
  • Гэдэсний бусад хэсгээс эд авч шархан дээр тавих
  • Цус алдаж байгаа артерийн судсыг боох
  • Ходоодыг мэдрэлжүүлж байгаа мэдрэлийг таслаж ходоодны хүчлийг багасгах

Эрүүл хоолны дэглэм

Жимс, хүнсний ногоо, ислэг агуулсан хоол хүнс орсон, эрүүл хоолны дэглэм баривал ходоодны шарх хурдан эдгэж хоол боловсруулах замын эрхтэнүүд эрүүл байхахд тустай.

Хүний биеийн өөрийн бактерийг идэвхижүүлэх, хеликобактерийг устгах хоол хүнсүүдийг хэрэглэх хэрэгтэй. Үүнд:

  • Брокколи, цэцэгт байцаа, байцаа, цагаан лууван
  • Навчит ногоон ургамлууд
  • Давсалж дарсан байцаа, мизо, цайны мөөг, тараг зэрэг пробиотикоор баялаг хүнс
  • Алим
  • Нэрс, гүзээлзгэнэ, үхрийн нүд, бөөрөлзгөнө жимс
  • Оливын тос

Үүний хажуугаар пробиотик, зөгийн бол, глутамин (тахиа, загасны мах, өндөг, бууцай, байцаанд агуулагддаг) агуулсан хоол хүнс нэмэлт бүтээгдэхүүнийг үндсэн эмчилгээг орлуулахгүйгээр хэрэглэж болно.

Хүндрэл

  • Цус алдалт. Шархнаас цус алддаг.
  • Нэвтрэх. Шарх хоол боловсруулах замын эрхтний ханаас зэргэлдээх нойр булчирхай зэрэг эрхтэнрүү нэвтэрдэг.
  • Цоорох. Шарх хоол боловсруулах замын эрхтэний ханад нүх гаргана.
  • Бөглөрөл. Хоол боловсруулах замын эрхтэний эд үрэвсэж хавдсанаас болдог.
  • Ходоодны хавдар.

Эдгээр хүндрэлүүдийн шинж тэмдэг нь доорх байдлаар илэрнэ:

  • Сульдах
  • Амьсгал давчдах
  • Улаан юм уу хар өнгөтэй бөөлжих, баах
  • Хэвлийгээр гэнэтийн хүчтэй өвдөх, өвчин намдахгүй байх

Урьдачилан сэргийлэх

Ходоодны шархыг үүсгэдэг бактерийн халдвараас сэргийлж гараа тогтмол савандаж угааж байх хэрэгтэй. Хоол хүнсийг зөв цэвэрлэж зохих хэмжээгээр нь чанаж болгон хэрэглэх хэрэгтэй. Үрэвслийн эсрэг эмийг зохистой хэрэглэх. Аль болох бага хэрэглэнэ. Хоол идсэн үед усаар даруулж уух хэрэгтэй.