Мика Монгол Мика Монгол

Нойр булчирхайн үрэвсэл

Нойр булчирхай бол ходоодны ар хэсэгт, нарийн гэдэсний хажууд байрладаг булчирхай юм. Үндсэн 2 үүрэгтэй:

  1. Хоол шингээх чухал ферментүүдийг нарийн гэдэсрүү ялгаруулна.
  2. Инсулин, глюкагон дааврыг цусруу ялгаруулдаг. Эдгээр дааврууд нь хоол хүнсийг энерги болгон зарцуулах үйл ажиллагааг зохицуулна.

Нойр булчирхайнаас ялгардаг хоол боловсруулах фермент нь нарийн гэдэсрүү ялгарахаасаа өмнө идэвхижсэнээс нойр булчирхайн  эдийг өөрийг нь үрэвсэж гэмтээн нойр булчирхайн үрэвслийг үүсгэдэг.

Шалтгаан

 Нойр булчирхайн хурц үрэвслийн ихэнх тохиолдол нь архины хэт их хэрэглээ болон цөсний чулуунаас шалтгаалдаг. Мөн эмийн хэрэглээ, аутоиммуны өвчин, халдвар, гэмтэл, бодисын солилцооны өөрчлөлт, мэс засал гэсэн шалтгаануудаас болдог. Нойр булчирхайн хурц үрэвслийн 15% нь шалтгаан тодорхойгүй байдаг.

Нойр булчирхайн архаг үрэвслийн 70% нь удаан хугацаагаар архи ууснаас болдог. Нойр булчирхайн архаг үрэвслийн 20-30% нь шалтгаан бүрэн тодорхойгүй явагддаг. Үлдсэн цөөн тохиолдолд цөсний чулуу, нойр булчирхайн удамшлын гаралтай өөрчлөлт, уйланхайт хатуурал, цусанд триглицерид ихсэх, зарим эмийн хэрэглээ зэрэг шалтгаанууд ордог.

Өвчин үүсэх нөхцөл

Нойр булчирхайн хурц үрэвсэл үүсэх нөхцөл:

  • Цөсний чулуу
  • Архины хэт их хэрэглээ

Нойр булчирхайн хурц үрэвсэл нь цөсний чулууны эхний шинж болж болно. Цөсний чулуу нь нойр булчирхайн цоргыг хааж нойр булчирхайн хурц үрэвслийг үүсгэнэ.

Нойр булчирхайн архаг үрэвсэл үүсэх нөхцөл:

  • Удаан хугацаагаар, ихээр архи уух
  • Уйланхайт хатуурал зэрэг удамшлын өөрчлөлтүүд
  • Цөсний чулуу
  • Триглицерид их байх

Ихэнхдээ 30-40 насны эрэгтэйчүүдэд нойр булчирхайн архаг үрэвсэл тохиолддог.

Нойр булчирхайн үрэвслийн хэлбэр

Нойр булчирхайн хурц үрэвсэл

Хамгийн гол шалтгаан нь цөсний чулуу байдаг. Нойр булчирхайн гол цорго болон цөсний цорго нийлдэг Фатерын хөхлөгөөр элэг цөсний хүүдийнээс ирсэн цөс, нойр булчирхайнаас ялгарсан фермент, шүүрлүүд нарийн гэдэсрүү гадагшилдаг. Энэ хөхлөг дээр цөсний булуу ирж тээглэвэл эдгээр бодисуудын гадагшлалтыг хаадаг. Ингэснээр цөсний ерөнхий цорго, нойр булчирхайн цорго хоёрын үрэвслийг үүсгэнэ.

Нойр булчирхайн архаг үрэвсэл

Удаан хугацааны байнгын нөлөөллөөс үрэвсэл явагдаж нойр булчирхайн эдэд соривжил үүсдэг. Соривжил ихээр явагдвал нойр булчирхайн фермент, глюкозын даавруудын хэвийн үйл ажиллагаа зогсож өөх тосны шингээлт алдагдах, цаашилбал чихрийн шижин ч үүсэх нөхцөл бүрдэнэ. Архидалт бол хурц, архаг хэлбэрийн аль алиных нь гол шалтгаан болдог.

Шинж тэмдэг

Архаг, хурц хэлбэрийн үед хэвлийн зүүн дээд хэсгээр өвдөх шинж тэмдэг эхэлж үүсдэг. шинж тэмдэггүй явагдах ч тохиолдол бий.

  • Цээжээр ороож өвдөх
  • Хоолны шингээлт алдагдах
  • Дотор муухай оргих, бөөлжих
  • Хэвлийгээр эмзэглэх
  • Жин буурах
  • Хэвлий цанхайж дүүрэх
  • Зогисох
  • Халуурах

Нойр булчирхайн үрэвслийн өвдөлт хэдэн минутаас хэдэн цаг үргэлжилдэг. Хүнд үед өвчин намдахгүй үргэлжилдэг. Өвдөлт хоол идэх юм уу хэвтэх үед ихэсдэг. Налж суухад эвтэйхэн байдаг.

Оношлогоо

Хурц үрэвслийн үед нойр булчирхайн амилаза, липаза фермент цусанд ихэссэн байдаг.

  • Нойр булчирхайн үйл ажиллагааны сорил. Нойр булчирхайн шүүрлийн хэвийн хэмжээг хянана.
  • Глюкозын сорил. Инсулин ялгаруулдаг нойр булчирхайн эсийн гэмтлийг хэмжихийн тулд хийнэ.
  • Хэт авиа, компьютер томографи, MRI оношлогоо. Нойр булчирхайн дүрсийг үзэж шинжилнэ.
  • Нойр булчирхайн замыг тодосгогч бодистойгоор дурантай харах, цөс, нойр булчирхайн цоргийг рентгенээр харж шинжилнэ.
  • Эдийн шинжилгээ. Нойр булчирхайд хатгалт хийж жижиг эд авч шинжилнэ.

Цус, шээсний шинжилгээг нэмэлтээр хийнэ. Нойр булчирхайн шүүрлийн дутагдлаас болж идсэн хоол унд бүрэн шингэдэггүй учир баасаар өөх тос ялгардаг. Үүгээр баасанд өөх тосыг үзэж шинжилдэг.

Эмчилгээ

            Нойр булчирхайн хурц үрэвслийн эмчилгээ

Хурц үрэвслийн үед эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэх шаардлагатай болно. Хүнд тохиолдолд зүрх, уушиг, бөөрний үйл ажиллагаанд нөлөөлдөг учир эрчимт эмчилгээ хийх шаардлагатай болдог. Цаашилбал нойр булчирхайн эд үхжиж халдвар үүсэх эрсдэл бий болдог учир мэс засал эмчилгээгээр гэмтсэн, үхжсэн хэсгийг авах эмчилгээ хийдэг.

Хурц үрэвсэл цөөн хэдэн хоногт явагддаг. Цөсний чулуунаас шалтгаалсан хурц үрэвслийн үед цөсний хагалгаа хийж цөсний чулууг авсан дараагаас биеийн байдал хэвийн байдалдаа ордог.

            Нойр булчирхайн архаг үрэвслийн эмчилгээ

Эмчилгээний асуудал хурц үрэвслийн үеийнхээс илүү асуудалтай болж ирдэг. Өвчин намдаах арга хэмжээ, хоол тэжээлийн өөрчлөлтийг сайжруулах арга хэмжээ авах шаардлагатай болно. Нойр булчирхайн фермент, инсулин хэрэглэдэг. Өөх тос багатай хоол идэх шаардлагатай.

Мэс засал эмчилгээгээр нойр булчирхайн цоргийн битүүрлийг эмчилж нойр булчирхайн шүүрэл ялгаралтыг чөлөөлж хэвлийн өвдөлт зэрэг зовиурыг намдаадаг.

Хоолны дэглэм

Өөх тос багатай хоол, эрүүл хоолны дэглэм нь нойр булчирхайн үрэвслийн үед чухал үүрэгтэй. Ялангуяа архаг үрэвсэлтэй хүмүүс идэх хоол хүнснийхээ өөх тосны агууламжийг анхаарах хэрэгтэй.

Хоол боловсруулах эрхтэнүүдэд бага ачаалал өгөхийн тулд бага багаар идэх хэрэгтэй. Шингэн юм их ууж өөх тос багатай хүнс хэрэглэнэ.

Амьдралын хэвшилээ өөрчлөх

Архи тамхины хэрэглээг зогсоовол эдгэрэлт хурдан явагдана.