Мика Монгол Мика Монгол

Гуурсан хоолойн багтраа

Дархлал болон дархлалын бус механизмаар гуурсан хоолойн урвалж чанар өөрчлөгдөж улмаар гуурсан хоолойн гөлгөр булчин  агших, салст бүрхүүлийн шүүрэл ялгарал ихсэх, хавагнахтай холбоотойгоор гэнэт ханиалгах, амьсгал боогдох, бачуурах шинжээр илэрдэг архаг дахилтат явцтай эмгэг юм.

Илрэх шинж тэмдэг

  • Ханиалгах, тэр тусмаа шөнийн цагаар ханиалгах, дасгал хөдөлгөөн хийх, инээх зэрэгт ханиах
  • Амьсгалахад шуухитнах, хяхтнах, исгэрэх
  • Цээж давчдах
  • Амьсгал давчдах
  • Ядарч сульдах

Эдгээр шинж тэмдэгүүд нь хүн бүрт өөр өөрөөр илэрнэ. Удаан хугацаанд ямар ч шинж тэмдэггүйгээр гуурсан хоолойн багтраа өвчин явагдаж байхад өөр хүнд түргэн явцтай хэлбэр явагдана. Мөн эдгээр шинж тэмдэг нь хурц ба хөнгөн хэлбэр хуваагдана. Багтрааны шинж тэмдэг өдөр бүр илэрдэг хүн байхад дасгал хөдөлгөөн, вирусын халдвар, ханиад зэргийн үед л зөвхөн өвчин хөдөлдөг хүмүүс байна.

Багтрааны хөнгөн хэлбэрийн хөдлөл хамгийн түгээмэл тохиолддог. Багтрааны хурц хөдлөлийн үед эмнэлгийн яаралтай тусламж шаардлагатай болдог. Багтрааны зовиурыг бага гэлтгүй хөнгөн үеэс нь эхлэн эмчилэх нь цаашдын хүндрэлүүдээс сэргийлж өвчнийг даамжруулахгүй байхад тустай.

Багтрааны эрт үеийн шинж тэмдэг

Багтрааны хөдлөлийн өмнө илэрч байгаа шинж тэмдэгүүдийг эрт үеийн шинж тэмдэг гэнэ. Эдгээр шинж тэмдэгүүд нь багтрааны өвөрмөц шинж тэмдэгээс өмнө илэрдэг. Хүний өдрийн ачаалалд нөлөөлөхөөргүй явцтай байдаг. Эрт үеийн энэ шинж тэмдэгүүдийг таньсанаар багтрааны хөдлөлөөс сэргийлж, зогсоож чадна. Эрт үеийн шинж тэмдэгүүдэд:

  • Ойр ойрхон ханиах, ялангуяа шөнийн цагаар
  • Амьсгал амархан давчдах
  • Биеийн ачааллын үед амархан ядрах, сульдах
  • Биеийн ачааллын дараа ханиах, амьсгал шуухитнах
  • Ядрах, сэтгэл санаа тогтворгүй болох
  • Уушигны багтаамжийг хэмжихэд багассан, буурсан байх
  • Ханиад юм уу харшлын шинж тэмдэг илрэх (хамар битүүрэх, найтаах, ханиах, нус гоожих, хоолой өвдөх, толгой өвдөх)
  • Унтахад хэцүү болох

Багтрааны хөдлөлийн шинж тэмдэг

Амьсгалын замыг тойрсон булчин чангарахад илэрдэг шинж тэмдэг юм. Энэ чангарлыг бронхспазм гэдэг. Хөдлөлийн үед амьсгалын зам хавдаж үрэвсэн энэ амьсгалын зам дагуух эсүүд энгийн үеийнхээс илүү өтгөн салс ялгаруулдаг.

Бронхспазм, үрэвсэл, салс ялгаралт зэрэг эдгээр хүчин зүйлсээс шалтгаалан амьсгалахад хэцүү болох, хяхтнаж шуухитнах, ханиах, амьсгал давчдах, өдөр тутмын энгийн үйл хөдөлгөөн алдагддаг. Багтрааны хөдлөлийн бусад шинж тэмдэгүүд:

  • Амьсгал авах болон гаргах аль алинд ихээр хяхатнаж шуухитнах
  • Зогсолтгүй ханиах
  • Хурдан амьсгалах
  • Цээжээр өвдөх, давчдах
  • Хүзүү, цээжний булчин чангарах, хөших
  • Ярихад хэцүү болох
  • Бачимдах, цочирдох
  • Царай цонхийх, хүйтэн хөлс гарах
  • Уруул, хурууны үзүүр хөхрөх

Багтрааны хөдлөлийн хүндрэл маш түргэн нэмэгддэг учир яаралтай арга хэмжээ авах шаардлагатай. Уушигны цацлага болон эмийн эмчилгээ яаралтай хийж амжихгүй бол амьсгал авахад улам хэцүү болно. Энэ үед амьсгалын багтаамжийг хэмжихэд 50%-аас багассан байна. 80%-аас дээш бол хэвийн гэж үзнэ. Ингээд цаашаагаа амьсгалын зам улам нарийсвал амьсгалын замд ямар ч агаарын хөдөлгөөн үүсч чадахгүй учир уушигны багтаамжийг хэмжих боломжгүй болно. Мөн хяхтнах, шуухитнах шинж тэмдэг намдахад өвчин намжлаа гэж ойлгон эмнэлгийн тусламж авахаас оройтдог явдал элбэг байдаг.

Хүүхдийн багтрааны шинж тэмдэг

АНУ-ын хүүхдүүдийн 10-12%-д багтраа өвчин илэрдэг бөгөөд хүүхдийн архаг өвчлөлийн голлох шалтгаан болдог. Хүүхдийн багтраа өвчин тогтвортой ихсэж байгаагийн шалтгаан нь тодорхойгүй. Хүүхдийн багтраа аль ч насанд тохиолдож болох ч ихэнхдээ 5 настайд илэрч эхэлдэг.

Багтраатай хүүхэд бүрт хяхтнах шинж тэмдэг илэрдэггүй. Архаг явцтай ханиалгах нь ихэнхдээ гол шинж тэмдэг болж гуурсан хоолойн үрэвсэлтэй хавсарсан тохиолдолд оношлогдоход хэцүү байдаг.

Багтрааны өвөрмөц шинж тэмдэг

Ханиалгах, хяхтнах, амьсгал давчдах зэрэг энгийн зовиуруудаас гадна өвөрмөц шинж тэмдэгүүд илэрнэ:

  • Хурдан амьсгалах
  • Санаа алдах
  • Бачимдах
  • Хөдөлгөөн хийхэд бэрхшээлтэй байх
  • Унтахад хэцүү байх
  • Ядрах
  • Архаг удаан явцтай ханиах

Мөн гуурсан хоолойн үрэвсэл, дууны хөвчийн өөрчлөлт, тэр байтугай зүрхний дутагдлын шинжээр ч илэрдэг.

Багтрааг сэдээгч хүчин зүйлс

Дараах орчин, нөхцөл нь багтрааг сэдээгч хүчин зүйл болдог:

  • Өвчлөл: Ханиад томуу, хатгаа зэрэг амьсгалын замын өвчлөл
  • Биеийн хөдөлгөөн: Биеийн хөдөлгөөн ачаалал хийхэд амьсгал авахад хэцүү болно.
  • Агаар дахь сэдээх хүчин зүйлс: Багтраатай хүмүүс утаа, хурц үнэр, тамхи зэрэгт мэдрэг байдаг.
  • Харшил төрүүлэгч: Амьтны хаг, тоосны хачиг, цэцгийн тоос гэсэн багтрааны хөдлөлийн шинж тэмдгийг сэдээдэг цөөн хэдэн харшил төрүүлэгч байдаг.
  • Сэтгэл хөдлөл: Хашгирах, инээх, уйлах нь мөн хөдлөлийг сэдээдэг.

Халдвар багтрааг сэдээдэг

Вирус, нянгийн халдвар нь багтрааг сэдээдэг. Ханиадны вирус, хамар самалдагийн хөндийн халдвар нь сэдээх хүчин зүйл болдог.

Гуурсан хоолойн багтрааны эрсдэлт хүчин зүйлс

Багтраа болон амьсгалын замын өөрчлөлтөнд хүргэдэг эрсдэлт хүчин зүйлүүд байдаг бөгөөд өөрөөр мөн ямар ч урьдал шалтгаангүйгээр хэнд ч энэ өвчин тохиолдох боломжтой байдаг.

Өөрийн хувь хүний эрсдэлт хүчин зүйлсээ тодорхойлсноор амьдралын хэвшлээ өөрчлөх болон өвчнийг хяналтандаа байлгах боломж бүрдэнэ. Багтрааны зовиур хөдлөлөөс урьдчилан сэргийлнэ. Хэдий хүйс, гэр бүлийн түүхийг өөрчлөх боломжгүй ч тамхи татах, агаарын бохирдол, харшил төрүүлэгч, биеийн ерөнхий эрүүл мэндээ анхаарч таргалахгүй байхыг та анхаарч чадна. Гуурсан хоолойн багтраа өвчинд хүргэх эрсдэлт хүчин зүйлсийг хянасанаар энэ өвчнийг хяналтандаа байлгана гэсэн үг юм.

Хүйс ба багтраа

Хүүхдийн гуурсан хоолойн багтраа өвчин охидуудаас илүү хөвгүүдэд тохиолддог. Үүний шалтгаан тодорхойгүй ч зарим судалгаагаар эрэгтэй хүүхдийн  амьсгалын замын хэмжээ эмэгтэй хүүхдийнхээс бага байдгийг тодорхойлсон. Энэ байдал нь ханиад болон бусад вирусын халдварын үед амьсгал хяхтнах, шуугих эрсдлийг нэмэгдүүлдэг. 20 насанд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн багтраагаар өвчлөх тохиолдол ижил түвшинд очдог. 40 насанд эмэгтэйчүүдийн өвчлөлийн тоо эрэгтэйчүүдийнхээс их болдог.

            Гэр бүлийн түүх

Гуурсан хоолойн багтраа өвчний тавны гурван тохиолдол нь удамшлын шалтгаантай байдаг. Эцэг эхийнх нь аль нэг нь багтраа өвчтэй бол хүүхэд нь эцэг эх нь багтраагүй хүүхдээс 3-6 дахин илүү энэ өвчинд өртөх магадлалтай.

            Атопи ба багтраа

Экзем (атопийн дерматит), хамрын харшил, харшлын гаралтай нүдний үрэвсэл, гуурсан хоолойн багтраа өвчин үүсгэдэг удамшлын нөхцлийг атопи гэнэ. Атопи нь энгийн харшил төрүүлэгчид, тэр тусмаа агаар болон хүнсэн дэх харшил төрүүлэгчид мэдрэг байдлыг бий болгодог.

Экземтэй зарим хүүхдэд багтраа өвчин үүсдэг. Мөн судалгаагаар атопийн дерматит өвчтэй хүүхдэд багтраа өвчин насанд хүрсэн хүнээс илүү удаан явцтай, хурц байдлаар илэрдэг.

Гуурсан хоолойн багтраа өвчинд хүргэдэг харшил төрүүлэгчид

Харшил, багтраа хоёр үргэлж хамт явдаг. Гэр доторх харшил төрүүлэгчид  багтраа өвчин оношлогдоход хүргэдэг урьдал хүчин зүйл юм. Гэрийн тоосон дахь нянгийн эндотоксин бодисын түвшин багтраа өвчинтэй шууд хамааралтай байсныг судалсан судалгаа байдаг. Гэрийн харшил төрүүлэгчид амьтны гаралтай уураг (тэр тусмаа муур, нохойны), тоосны хачиг, жоом, мөөг, мөөгөнцөр орно.

            Орчны хүчин зүйлс

Тамхины утаа, мөөгөнцөр, будаг болон гэр ахуйн цэвэрлээгний бодисын хортой үнэр утаа зэрэг ахуйн агаарын бохирдол нь багтраа болон харшлын урвалд хүргэнэ. Бохирдол, хүхрийн диоксид, азотын диоксид, озон, хүйтэн агаар, чийг нь багтраа өвчнийг сэдээдэг орчны хүчин зүйлүүд юм. Озон нь утаанд агуулагдах бөгөөд ханиалга, амьсгал давчдах, цээжээр өвдөх зэрэг зовиур өгөх, халдварт өртөмхий болгох зэрэг нөлөө үзүүлдэг. Утааны бас нэг хортой найрлагын нэг болох хүхрийн диоксид амьсгалын замыг цочроож агшаан багтрааны хөдлөлд хүргэдэг.

Хийн зуух нь азотын диоксидын бохирдлын гол эх үүсвэр болдог. Хийн зуух хэрэглэдэг хүмүүсийн амьсгал давчдах, хяхнаж шуухитнах, багтраа болох нь их байдаг.

Цаг агаарын өөрчлөлт нь мөн багтраа өвчнийг хөдөлгөдөг. Жишээ нь хүйтэн агаар амьсгалын замын бөглөрлийг үүсгэж салс ялгаралтыг ихэсгэнэ. Чийг их байх нь зарим газрын хүмүүст амьсгал авахад бэрхшээлтэй байдлыг бий болгодог.

Тамхидалт

Тамхидалт нь гуурсан хоолойн багтраагаар өвчлөх эрдслийг ихэсгэдэг гол хүчин зүйл гэдэг нь олон судалгаагаар батлагддаг. Мөн түүнчлэн дам тамхидалтын нөлөө ч их байдгийг судалж тогтоосон байдаг.

            Таргалалт 

Жингийн илүүдэлтэй хүүхэд болон насанд хүрэгчидэд багтраа өвчин илүү тохиолддог. Жингийн илүүдэлтэй хавсарсан багтраа өвчний үед эмчилгээ авахдаа удаан байдаг.

Жирэмслэлт

Тамхи татдаг жирэмсэн эхийн ургийн уушигны үйл ажиллагаа тамхи татдаггүй жирэмсэн эхийн хүүхдийнхээс буурсан байдаг. Хугацаанаасаа өмнө дутуу төрөх нь багтраа өвчний эрсдлийг ихэсгэдэг.

Гуурсан хоолойн багтраа өвчний төрлүүд

            Харшлын гаралтай багтраа

Харшил багтраа өвчин хоёр үргэлж нэг нэгнийгээ дагаж байдаг өвчин. Харшлын гаралтай хамрын үрэвслийн үед хамрын дотор хананд үрэвсэл явагддаг өвчин бөгөөд хамгийн түгээмэл харшлын гаралтай архаг өвчин юм. Харшлын гаралтай хамрын үрэвслийн үед харшил төрүүлэгчид хэт мэдрэгшил бий болсоноос дархлалын эсүүд гистамин ялгаруулдаг. Гистамин нь өөр бусад бодисуудын хамт харшил үүсгэдэг. Ихэнх харшил төрүүлэгчид амьсгалын замаар дамжин орж харшил үүсгэдэг.

Харшлын гаралтай хамрын үрэвслийн үед хамар битүүрэх, найтаах, хамрын салст хөөж хавдах, нус гарах, нулимс гарах, хоолой хөндүүрлэх зовиур илэрнэ. Энэхүү өвчнөөс гуурсан хоолойн багтраа өвчин үүсэх тохиолдол их байдаг.

Энэ төрлийн багтраа үүсгэх харшил төрүүлэгчидэд:

  • Муур, нохой зэрэг амьтаны хаг
  • Хоол хүнс
  • Мөөгөнцөр
  • Ургамлын тоосонцор
  • Тоос шороо

Биеийн хөдөлгөөнөөс хамааралтай багтраа

Дасгал хөдөлгөөн хийх, биеийн ачаалал авах үед багтраа үүсдэг төрөл юм. Багтраа өвчингүй ч дасгал хөдөлгөөн хийх үед шинж тэмдэг илэрдэг олон хүн байдаг. дасгал хөдөлгөөнөөс хамааралтай багтрааны үед дасгал эхэлсэнээс 5-20 минутын дараа амьсгалын зам нарийсч амьсгалахад хэцүү болж багтрааны хяхтнаж шуухитнах, ханиах шинж тэмдэг илэрнэ.

Ханиах хэлбэрийн багтраа

Энэ төрлийн харшлын үед хяхнаж шуухитнах, амьсгал давчдах багтрааны гол шинж тэмдгээр илэрдэггүй. Үргэлжилсэн, хуурай ханиалгаар илэрдэг. Мөн хамрын ар хэсэгт шингэн хуримтлагдах, хамрын архаг үрэвсэл, дайвар хөндийн үрэвсэл, улаан хоолойн сөргөө өвчин үүсэхэд нөлөөлдөг.

            Мэргэжлийн багтраа

Ажлын орчин нөхцөл энэ багтрааг үүсгэдэг. Ажилд явсан өдрөөс эхлэн амьсгалахад хэцүү болох, багтрааны шинж тэмдэгүүд илэрч эхэлнэ. Ажил газар дээрх эдгээр сэдээгч хүчин зүйлүүдэд:

  • Тоос шороо
  • Будаг
  • Хий, утаа
  • Үйлдвэрлэлийн бодис
  • Амьтны гаралтай уураг
  • Резин

Үйлдвэрлэл, модон эдлэл, хувцас даавуу, хөдөө аж ахуй, тариалалтын салбарт тохиолдоно.

Шөнийн багтраа

Багтраа өвчин нь нойрны мөчлөгөөс шууд хамаардаг учир багтраа өвчний үед унтаж байх үед шинж тэмдэг өгөх нь элбэг байдаг. Багтрааны гол шинж тэмдэг болох хяхтнаж шуугих, ханиах, амьсгалахад хэцүү болох шинж тэмдэг нь шөнийн цагаар тохиолдох илүү аюултай байдаг.

Багтраанаас хамааралтай нас баралт шөнийн цагаар илүү их тохиолддог. Энэ нь харшил төрүүлэгчид өртөх, агаар сэрүүн болох, хэвтэх байрлал, дааврын ялгаралтын хэмнэлээс болдог гэж үздэг. Цээж гашуу оргих нь мөн шөнийн цагаар багтраа хөдлөх шалтгаан болох ч тохиолдол байдаг.

Багтрааны хуурамч шинж тэмдэг өгдөг өвчнүүд

Багтраатай адилхан шинж тэмдэг өгдөг өвчнүүд байдаг. Зүрхний дутагдлын үед илэрдэг зүрхний багтрааны шинж тэмдэг нь гуурсан хоолойн багтрааны шинж тэмдгээр илэрдэг. Дууны хөвчний өөрчлөлт мөн адил шинж тэмдгээр илэрдэг бөгөөд оношийн алдаа гарах тохиолдол гардаг.

Багтрааны оношлогоо

Гуурсан хоолойн багтраа өвчнийг зөвхөн нэг шинжилгээгээр оношлох боломжгүй. Уушигны үйл ажиллагааны сорил нь гол шинжилгээний арга болдог. Цусны шинжилгээ нь биеийн ерөнхий байдлыг харуулдаг. Харшлын үед ихэсдэг иммуноглобулиныг цусанд хэмжиж үздэг. Эдгээр бүх шинжилгээгээр багтраа өвчнийг оношлохоос гадна харшил, сөргөө өвчин, хамар дайврын үрэвсэл зэрэг хавсарсан өвчнүүдийг оношлодог.

Гуурсан хоолойн багтраа өвчнийг оношлогоо:

  • Гэр бүлийн түүх: Гэр бүлийн аль нэг гишүүн амьсгалын замын эмгэг өөрчлөлттэй байх нь энэхүү өвчнөөр өвдөх эрсдлийг нэмэгдүүлнэ.
  • Биеийн үзлэг: Уушгийг чагнана. Арьсанд харшилын сорил хийнэ.
  • Амьсгалын сорил: Уушигаар дамжих агаарын урсгалыг хэмжихийн тулд уушигны үйл ажиллагааны сорилыг спирометр хэмээх багажаар хийнэ.

Гуурсан хоолойн багтраа өвчнөөс сэргийлэх арга

  • Сэдээгч хүчин зүйлээс хамгаалах. Амьсгалын асуудал үүсгэж байсан химийн бодис, үнэр, янз бүрийн бүтээгдэхүүнүүдээс болгоомжлох.
  • Харшил төрүүлэгчид өртөхөөс зайлсхийх. Тоос шороо, мөөгөнцөр зэрэг өөрт өөрчлөлт өгч байсан харшил төрүүлэгчидэд өртөхөөс болгоомжлох арга хэрэглэх хэрэгтэй.
  • Харшлын тариа хийлгэх. Аль нэг харшил төрүүлэгчид мэдрэг байдлыг бууруулах зорилготой эмчилгээний төрөл юм.
  • Урьдачилан сэргийлэх эмийн эмчилгээ. Өдөр тутам хэрэглэх эмийн эмчилгээгээр багтрааны хөдлөлөөс сэргийлэх боломжтой.

Дэглэм

  • Эрүүл хооллолт. Эрүүл, тэнцвэртэй хооллох нь биеийн ерөнхий байдлыг сайжруулж багтрааны хөдлөлийг бууруулна. Боловсруулсан хүнс хоол хэрэглэхгүй байхад багтрааны хөдлөлйн эрсдэл буурдаг.
  • Хэвийн жинтэй байх. Тарган, жингийн илүүдэлтэй хүмүүст багтраа өвчин хүнд явагддаг. Жингээ багасгах нь зүрх эрүүл, үе мөч, уушгийг эрүүл байлгана.
  • Тамхинаас гарах. Тамхины утаа багтрааг үүсгэдэг.
  • Тогтмол дасгал хөдөлгөөн хийх. Биеийн хөдөлгөөн багтрааны хөдлөлийг бий болгодог ч тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь амьсгалын замын өөрчлөлтүүдээс сэргийлдэг. Аеробек хөдөлгөөн нь уушигны сайн дасгал болж амьсгалах үйл ажиллагааг сайжруулна.
  • Стресстэй тэмцэх. Багтрааг сэдээгчийн нэг бол стресс юм. Стресс, сэтгэл санааны хямралаа эрүүл байдлаар гаргадаг байх хэрэгтэй.

Шим тэжээлээр баялаг хоол унд идэж уух нь өвчний шинж тэмдгийг багасгах амин чухал үүрэгтэй. Мөн багтрааг сэдээгч хоол хүнс байдгийг анхаарч явах хэрэгтэй.

Гуурсан хоолойн багтрааны эмчилгээ

Эмийн эмчилгээ

  • Хянах эмчилгээ. Багтрааны хөдлөлөөс сэргийлж хийдэг эмчилгээ. Амьсгалын замыг үрэвсэж, цочрохгүй байхад туслана.
  • Хурдан намдаах эмчилгээ. Амьсгалын замыг тойрсон булчинг сулруулдаг. Долоо хоногт 2 удаа энэ эмчилгээг хийж байвал өвчнийг сайн хянаж чадахгүй байна гэж үзнэ. Хөдөлгөөн биеийн ачааллаас хамааралтай багтрааны үед дасгал хөдөлгөөн хийхээс өмнө хэрэглэж болно.

Урт хугацааны эмийн эмчилгээ

  • Урт үйлчилгээтэй бета-хориглогч эм. Амьсгалын замыг онгойлгох гуурсан хоолойг тэлэх үйлчилгээтэй эмүүд байдаг.
  • Урт үйлчилгээтэй холин эсрэг эм. Уушигны амьсгалын замыг тэлж, тайвшруулан амьсгалыг сайжруулна.
  • Лейкотриен хориглогч эм. Үрэвсэл үүсгэдэг бодисыг хориглоно.
  • Мөхлөгт эсийг тогтворжуулагч эм. Үрэвсэл үүсгэдэг бодисууд ялгарахыг багасгана.
  • Теофиллинийг өөр эмэнд эмчилэгдэхгүй байгаа тохиолдолд гуурсан хоолойг тэлэх зорилгоор хэрэглэдэг.
  • Дархлал зохицуулах эм. Харшил үрэвслийн гаралтай хурц багтрааны үед хэрэглэнэ.

Хурдан үйлчилгээтэй эмүүд.

Ханиад, цээжээр давчдах, хяхтнаж шуугих зэрэг багтрааны хөдлөлийн үед хурдан үйлчлэх эмүүд байдаг.

  • Богино хугацаанд үйлчлэх бета-хориглогч эм
  • Холины эсрэг эм
  • Кортикостеройд эм