Мика Монгол Мика Монгол

Өвдөгний остеоартрит

Өвдөгний остеоартритын гол шалтгаан нь насжилт юм. Бараг хүн бүрт остеоартрит ямар нэг хэмжээгээр явагдаж байдаг. Дараах шалтгаануудын улмаас өвдөгний остеоартрит үүсдэг:

  • Нас. Мөгөөрс нь нас ахих тусам муудаж байдаг.
  • Жин. Биеийн жин нь үе болгон, тэр тусмаа өвдөгний үен дээр даралт үүсгэдэг.
  • Удамшил. Гений өөрчлөлтийн улмаас өвдөгөнд остеоартрит үүсэх магадлал ихэсдэг хүмүүс байдаг. Өвдөгний үе орчмын ясны хэвийн биш хэлбэрийн удамшлаас мөн шалтгаалдаг.
  • Хүйс. 55-аас дээш насны эмэгтэй хүмүүст эрэгтэйчүүдээс илүү их өвдөгний остеоартрит үүсдэг.
  • Давтан гэмтэл. Хүний ажил мэргэжлийн онцлогоос хамаардаг. Өвдөглөх, явган суух, хүнд юм өргөх зэрэг үйлдлийг байнга хийдэг мэргэжилтэй хүмүүст өвдөгний үенд байнгын даралт үүссэнээр өвдөгний остеоартрит үүсдэг.
  • Тамирчид. Хөлбөмбөг, теннис, холын зайн гүйлтийн тамирчидад өвдөгний үений остеоартрит үүсэх эрсдэл их. Энэ нь гэмтлээс сэргийлэх хэрэгтэй гэсэн үг юм. Үеийг чангалах бэлтгэл, дасгал тогтмол хийх нь энэхүү эрсдлийг бууруулдаг. Үүнээс гадна өвдөг орчмын булчин сул байх нь өвдөгний остеоартрит үүсэхэд хүргэдэг.
  • Бусад өвчлөл. Ревматойд артритаас болж өвдөгний остеоартрит үүсдэг. Төмөр, өсөлтийн дааврын илүүдэл зэрэг бодисын солилцооны эмгэгийн үед остеоартрит үүсэх эрсдэл нэмэгддэг.

Өвдөгний остеоартритын шинж тэмдэг

  • Хөдөлгөөн хийхэд өвдөлт ихсэж амрах үед багасна.
  • Хавдах
  • Үе халуу оргих
  • Суух, өглөө босох зэрэгт өвдөг хөших
  • Өвдөгний хөдөлгөөн муудаж сандал дээр сууж босох, машинд сууж гарах, шатаар алхахад хэцүү болох
  • Өвдөгний хөдөлгөхөд шаржигнаж дуугарах

Өвдөгний остеоартритыг хэрхэн оношлох вэ?

Биеийн ерөнхий үзлэгээр өвдөгийг үзнэ. Ямар үед өвдөлт ихэсдэг, багасдаг талаар асууж нь чухал бөгөөд энэ мэт өвчний түүхийн талаар асууж оношлоно. Удамшлын байдлыг тодорхойлох нь мөн оношийн ач холбогдолтой. Мөн бусад багажийн шинжилгээг хийнэ:

  • Рентген оношлогоо. Ясны ургалт зэрэг яс, мөгөөрсний өөрчлөлтийг харна.
  • MRI оношлогоо хйдэг

Өвдөгний остеоартритын эмчилгээ

Остеоартритын эмчилгээний гол зорилго нь өвдөлтийг намдааж хөдөлгөөнийг эргэж сэргээх явдал юм. Эмчилгээ нь дараах зүйлсийг хавсруулан хийх байдлаар хийгдэнэ:

  • Биеийн жин бууруулах. Биеийн жинг маш бага хэмжээгээр ч гэсэн бууруулах нь өвдөгний өвдөлтийг илт багасгадаг.
  • Дасгал хөдөлгөөн хийх. Өвдөг орчмын булчинг сайжруулах нь үеийг тогтвортой болгож өвдөлтийг бууруулдаг. Сунгалтын дасгал нь өвдөгний үений хөдөлгөөн, уян хатан байдлыг сайжруулна.
  • Өвчин намдаах, үрэвслийн эсрэг эм. Ацетаминофен, ибупрофен, напроксен зэрэг эмүүд ордог. Эдгээр эмийг эмчийн хяналтгүйгээр 10-аас дээш хоног хэрэглэж болохгүй. Хэрвээ удаан хугацаанд хэрэглэвэл гаж нөлөөтэй байдаг.
  • Кортикостеройд, гиалуроний хүчил өвдгөнд тарих. Стеройдууд бол үрэвслийн эсрэг хүчирхэг эм юм. Гиалуроны хүчил нь өвдгөнд байдаг, үеийг чийглэх зориулалттай шингэн юм.
  • Эмийн бус эмчилгээнүүд. Капсацинтай тосон түрхлэг, зүү эмчигээ, глюкозамин, хондройтин агуулсан нэмэлт бүтээгдэхүүн зэргийг хэрэглэх нь үр дүнтэй байдаг.
  • Бэхэлгээ болон бусад хэрэгсэл хэрэглэх. Өвдөгний хажуу талын ачааллыг бууруулах болон өвдгийг бүхлээр нь дэмжих зориулттай 2 төрлийн өвдөгний бэхэлгээ байдаг.
  • Физик, хөдөлмөр засал эмчилгээ. Физик эмчилгээгээр үений булчинг чангаруулж уян хатан байдлыг сайжруулснаар өдөр тутмын амьдралын үйл хөдөлгөөнөө чөлөөтэй хийхэд тус болно. Хөдөлмөр заслаар гэрээ цэвэрлэх зэрэг өдөр тутмын үйл хөдлөлийг хийхдээ өвдөлт багатай хийх аргыг мэдэж авна.
  • Мэс засал. Бусад эмчилгээнд үр дүнгүй тохиолдолд мэс засал эмчилгээг сонгоно.

Өвдөгний хагас саран жийргэвч урагдах, гэмтэх

Өвдөгний үений огцом, хурдан хөдөлгөөний эргэлтийн хүчээс болж хагас саран жийргэвч урагддаг. Биеийн хөдөлгөөн шаардсан спортод ихэвчлэн тохиолддог. Насжилт, болон мөгөөрсний бүтцийн өөрчлөлт нь мөн ихээр нөлөөлдөг. Өвдөгний тодорхой хөдөлгөөний үр дүнд хагас саран жийргэвч урагдах үед “поп” хийх чимээ гардаг. Үүний хажуугаар өвдөг хавдах, халуу оргих шинж илэрнэ. Тэнцвэр алдах, өвдөг гацах шинж илэрнэ. Хагас саран жийргэвчийн урагдлыг тодорхой хөдөлгөөн хийлгэж үзэн оношлодог. Рентгенээр оношлогдохгүй ч өвдөгний үений бусад өөрчлөлтийг үзэж үгүйсгэхэд хэрэгтэй. Хагас саран жийргэвчийн урагдлыг артроскопи, артрографи, MRI хийх гэсэн 3 аргаар оношлоно. Артроскопигоор үеийг дурандан оношлох болон эмчлэх зорилгоор хийнэ. Артрографи оношлогоогоор өвдөгний үерүү тодосгох бодис оруулж үений дотор бүтцийг рентгенд харагдахаар харуулна. MRI-аар үений дотоод бүтцийг 2 болон 3 хэмжээст дүрслэлээр харуулна. MRI оношлогоогоор хагас саран жийргэвчийг оношлох бөгөөд оношлогоонд голлон хэрэглэгддэг болсон.