Голлон хөлийн эрхий хурууны үе, заримдаа өвдөг, шагай, тохой, гарын хуруунууд гэсэн үеүүд шөнө дунд, ямар ч шалтгаангүйгээр өвддөг өвчин юм. Тулай нь санаандгүйгээр маш их өвдөлттэйгээр өвддөг. Эмчилгээгээр өвдөлт, үрэвсэл нь хэдэн өдрийн дараа намдах боловч дахин ямар ч үед эргэн сэдэрдэг.
Эрэгтэй, эмэгтэй аль ч хүйсний хүмүүст тохиолдох бөгөөд эрэгтэйчүүдэд 30-50 насанд ихэвчлэн тохиолддог. Эмэгтэйчүүдэд цэвэршилтийн дараа их тохиолдоно. Хүүхэд, залуу хүмүүст ховор тохиолдоно. Жингийн илүүдэлтэй юм уу цусны даралт ихсэх өвчтэй хүмүүс тулайгаар өвдөх эрсдэлтэй байдаг бөгөөд эдгээр хүмүүс шээс хөөх эм хэрэглэж байгаа үед эрсдэл илүү их байдаг.

Тулай нь артритын нэг хэлбэр юм. Үенд талст хуримтлагдсанаас үүдэж бие махбод хариу үйлдэл үзүүлж байгаагаас энэ өвчний шинж тэмдэг илэрдэг. Өвдөлт маш их байх ч эмчилгээнд сайн намддаг. Хөнгөн хэлбэрийн үед хоолны дэглэмээр өвчнийг намдааж болно. Тулай өвчний сэдрэлийн үед урт хугацааны эмчилгээ хийх хэрэгтэй бөгөөд ингэснээр яс, мөгөөрс, бөөрний өөрчлөлтөөс сэргийлдэг.
Тулай өвчин удаан хугацаанд явагдсанаар гар, тохой, тавхай, чихний гэдэс зэргийн зөөлөн эдэд хатуу товруу үүсч нэмэгддэг. Энэ нь шээсний хүчлийн талстын хуримтлал бөгөөд өвдөлт, хатуурлыг үүсгэдэг. Энэхүү хуримтлал бөөрөнд үүсвэл өвдөлттэй, аюултай бөөрний чулуу үүсгэдэг.
Тулай өвчний шалтгаан юу вэ?
Цусан дахь шээсний хүчлийн илүүдлээс үүдэж тулай өвчин үүснэ. Шээсний хүчил нь бие махбодийн бодисын солилцооноос болон хоол хүнснээс гэсэн 2 замаар үүсдэг. Ямар ч шээсний хүчил нь бөөрөнд шүүгдэж шээсээр гадагшилдаг. Хэрвээ бие махбод хэтэрхий их шээсний хүчил ялгаруулах, шээсээр гадагшлуулж чадахгүй болох үед шээсний хүчлийн давсны талст үе, шөрмөсөнд үүсдэг. Эдгээр талстууд өвдөлт, хавдалт, улайлтаар илэрч байгаа үрэвслийг бий болгодог.
Тулай өвчин тусах, дахин сэдэрч өвдөх эрсдлийг нэмэгдүүлдэг гол хүчин зүйл бол спиртийн төрлийн ундаа, тэр дундаа шар айргийг хэтрүүлэн хэрэглэх явдал юм. Энэхүү өвчин нь архи дарс, хоол ундыг ихээр идэж уудаг баян чинээлэг эрчүүдийн дунд их тохиолддог байснаас улбаалан “Ноёны өвчин” гэж нэрлэгддэг байсан. Гэхдээ одоо бид энэ өвчнийг гэмтэл, мэс заслын ажилбар, эмчилгээ, стресст өртөх, мах болон далайн гаралтай хүнс ихээр хэрэглэх, антибиотик зэрэг эмийн хэрэглээнээс шалтгаалж энэхүү өвчин үүсдэгийг мэдэх болсон. Тулай өвчин нь зарим хавдрын шалтгаан болдог. Тулай өвчин нь бөөрний өөрчлөлт, ферментын дутагдал, хар тугалгын хордлоготой уялдаа холбоотой байдаг. Мөн хайрст үлд, эрхтэн шилжүүлэн суулгасан хүмүүсийн байнга хэрэглэх шаардлагатай болдог эмийн хэрэглээнээс хамаарч тулай өвчин хавсарч явагдах тохиолдол байдаг. Тулай өвчнөөр өвдөх эрсдэлд удамшлын байдал нөлөөлөх бөгөөд цусны даралт ихсэх, чихрийн шижин, таргалалт зэрэг түгээмэл тохиолдох эмгэгүүд мөн нөлөөлдөг. Цусан дахь шээсний хүчлийн хэмжээг хянахгүй бол тулай өвчин дахин сэдэрч илэрдэг.
Кальцийн пирофосфатын талст үенд үүссэнээр өвдөлт багатай боловч шинж тэмдгээр ойролцоо тулай төст өвчнийг үүсгэдэг. Өвдөг, бугуй, шагай зэрэг том үеүүдэд илэрдэг. Эр, эм аль аль хүйсний хүмүүст 60-аас дээш насанд тохиолддог. Үрэвслийн эсрэг эмчилгээгээр тулай төст өвчнийг эмчилдэг.
Тулай өвчний шинж тэмдэг
Цусанд шээсний хүчил ихэссэнээс үе мөчинд хурц хэлбэртэй талстууд үүсч тулай өвчин үүсдэг.
Хөлийн эрхий хуруу хамгийн их өртдөг. Өвдөлт 10 хоног хүртэлх хугацаагаар үргэлжилдэг. Эхний 36 цаг хамгийн их өвдөлттөй үе байдаг. Зөвхөн нэг үеийг хамрах боловч эмчилгээ хийлгүй удаавал өвдөг, шагай, тавхай, гар, бугуй, тохойны үеийг хамарна.
- Шөнө дунд, өглөө эрт үеэр гэнэт, хүчтэй өвдөх
- Үе хавдах. Мөн улайж хөхрөн халуу оргино.
- Үе хөших
Эмчилгээ хийлгүй удвал талстууд үе орчмын арьсан доор хуралдаж товруу үүсгэнэ. Ингэж үүссэн товруу нь өвдөхгүй боловч харагдах үзэмжийг алдагдуулна. Талст хэрвээ шээсний замд хуримтлагдвал бөөрний чулуу үүсгэдэг.
Оношлогоо
Дараах шинжилгээг хийж ижил төстэй үений үрэвслээс ялган оношлоно:
- Үений шингэний сорил. Өвдсөн үенээс үений шингэнийг авч шинжилнэ. Микроскопоор талст бий эсэхийг харна.
- Цусны шинжилгээ. Цусны шинжилгээгээр шээсний хүчлийн хэмжээг тодорхойлно. Шээсний хүчил их болсон байлаа гээд тулай өвчин заавал үүснэ гэсэн үг биш.
- Рентген шинжилгээ. Бусад өвчнөөс ялган оношлох зорилгоор хийнэ.
- Хэт авиан шинжилгээ.
Тулай өвчинтэй тэмцэх арга
Сайн мэдээ нь гэвэл тулай өвчнийг эмчилж болно. Өвдөлтийг намдаахын тулд хүйтэн жин тавих, өвдсөн үений хэсгийг өргөх, амрах, ибупрофен зэрэг өвчин намдаах эм хэрэглэх хэрэгтэй. Тулай өвчин дахихаас дараах байдлаар сэргийлнэ:
- Дасгал хөдөлгөөн хийх, биеийн жингээ хянаж тэнцвэртэй хоолны дэглэм барих
- Ус сайн уух нь шээсний хүчлийн чулуу үүсэхээс сэргийлнэ.
- Сахартай ундаанаас татгалзах
- Архи, согтууруулах ундаанаас татгалзах
- Мах, далайн гаралтай хүнс бага хэрэглэх. Өөх тос багатай тараг, бяслаг, сүү зэрэг цагаан идээнээс уургаа нөхөж авах
- Шээсний хүчлийн хэмжээг бууруулах эм хэрэглэх
Тулай өвчтэй хүмүүс ихэнхдээ өвдөлт, сэдрэлээс сэргийлж сурсан байдаг.
Эмчилгээ
Бөөрний үйл ажиллагаа хэвийн байгаа эсэх, эмийн гаж нөлөө, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзэж эмчилгээний төрлийг сонгоно.
Жоргүй олгогддог эм
Стеройдын бус үрэвслийн эсрэг эм нь үений өвдөлт, хавдалтыг бууруулна. Ибупрофен, напроксеныг түгээмэл хэрэглэдэг. Энэ төрлийн эмийг эхний 24 цагт хэрэглэвэл өвдөлтийг хурдан намдаадаг. Өөр тохиолдолд өвдөлтийг аль болох хүйтэн жин тавих, амрах, өвдөлттэй үе мөчийг өргөх аргаар намдаана.
Жороор олгогддог эм
- Allopurinol(Aloprim, Zyloprim) шээсний хүчлийг бууруулна.
- Colchicine(Colcrys) үрэвслийг бууруулна.
- Febuxostat(Uloric) шээсний хүчлийг бууруулна.
- Indomethacin(Indocin) өвдөлтийг илүү намдаах стеройдын бус үрэвслийн эсрэг эм.
- Lesinurad шээсний хүчлийг шээсээр гаргахыг дэмжих эм.
- Pegloticase (Krystexxa) шээсний хүчлийг задална.
- Probenecid(Benemid) бөөрөөр шээсний хүчил ялгарахыг дэмжинэ.
- Steroids(also called corticosteroids) үрэвслийг намдаана.