Титэм судасны өвчин гэж юу вэ?
Зүрхийг цусаар хангадаг артерийн судсаар урсах цусны урсгал өөрчлөгдөхөд үүсдэг өвчин.
Шалтгаан
Титэм судасны өвчнийг гол шалтгаан нь судас хатуурал буюу холестролын өөхөн товруу судасны хананд үүсч гэмтээх явдал юм. Энэ судасны 1 юм уу түүнээс илүү их судас нэг тодорхой нэг газар юм уу тэр чигтээ бөглөрч цусны урсгал буурдаг.
Зүрхний гадаргуу дээр 4 гол титэм судас байрладаг.
- Баруун үндсэн титэм судас
- Зүүн үндсэн титэм судас
- Зүүн тойрсон судас
- Зүүн арын уруудсан судас
Эдгээр судаснууд зүрхэнд хүчил төрөгч, тэжээлт бодисоор баялаг цусыг хүргэнэ. Зүрх гэдэг бол цусыг бүх биеэр тараан агшиж байгаа булчин юм. Зүрхний булчин энэ ажлыг явуулахын тулд биеийн бусад эрхтэний булчингийн адил байнгын цусан хангамжаас хамааралтай байдаг. Зүрхний цусан хангамж буурах нь титэм судасны өвчний шинж тэмдэг илрэх шалтгаан болно.
Мөн титэм судасны ховор тохиолдох өөрчлөлт, бөглөрөл зүрхэнд очих цусны урсгалыг хаадаг.
Титэм судасны өвчний шинж тэмдэг
Зүрх хангалттай хэмжээний артерийн цус авч чадахгүй бол дараах олон төрлийн шинж тэмдэг илэрнэ. Цээжээр өвдөх, зүрхний өвдөлт бол хамгийн түгээмэл шинж тэмдэг юм. Хүмүүс энэ зовиурыг хэлэхдээ:
- Цээжээр өвдөх
- Хүнд оргих
- Давчдах
- Халуу оргих
- Базлаж байна гэж хэлдэг.
Эдгээр зовиурыг мөн цээж гашуу оргих, хоолны шингээлт алдагдахтай андуурдаг.
Титэм судасны өвчний бусад зовиур:
- Гар, мөр өвдөх
- Амьсгал давчдах
- Хөлс гарах
- Толгой эргэх
Цусны бөглөрөл их байвал өөр зовиурууд илэрдэг. Цусны урсгал тэр чигтээ бөглөрч тасарвал зүрхний булчин үхэж эхлэнэ. Үүнийг зүрхний шигдээс гэнэ.
Зовиур шаналгаа ихтэй юм уу 5 минутаас дээш хугацаагаар эдгээр зовиур илэрвэл яаралтай эмнэлгийн тусламж авах хэрэгтэй.
Эмэгтэйчүүдэд илрэх титэм судасны өвчний шинж тэмдэг
Эмэгтэйчүүдэд дээрх зовиураас гадна өөр зовиур бас илэрнэ:
- Дотор муухайрах
- Бөөлжих
- Нуруу өвдөх
- Эрүүгээр өвдөх
- Цээжний өвдөлтгүйгээр амьсгал давчдах
Цэвэршилтээс өмнөх насны эмэгтэйчүүдээс илүү эрэгтэйчүүд зүрхний өвчинд өртөх эрсдэл ихтэй байдаг. цэвэршилтийн дараах 70 орчим насны эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй адил эрсдэлтэй болдог.
Зүрхний цусны урсгал буурснаас шалтгаалан:
- Ядрах
- Зүрхний хэм алдагдах
- Зүрхний агшилт алдагдан цусны эргэлт өөрчлөгдөх
Титэм судасны өвчнөөр өвчлөх эрсдэлт хүчин зүйлс
Титэм судасны өвчнөөр өвчлөх эрсдэлт хүчин зүйлсийг мэдсэнээр өвчин үүсэхээс сэргийлэх, өвчинд өртөх магадлалыг бууруулна.
Эрсдэлт хүчин зүйлүүдэд:
- Цусны даралт ихсэх
- Цусанд холестрин ихсэх
- Тамхи татах
- Инсулинд тэсвэртэй байдал, цусанд сахар их байх, чихрийн шижин
- Таргалалт
- Хөдөлгөөн багатай байдал
- Эрүүл биш хооллолтын зуршил
- Нойрсох үед амьсгал зогсох хам шинж
- Сэтгэл санааны стресс
- Архидалт
- Жирэмсний хожуу үеийн хордлого болж байсан эсэх
Мөн титэм судасны өвчин насжилтыг дагаж ихэсдэг. Эрэгтэйчүүдэд 45 нас, эмэгтэйчүүдэд 55 наснаас эхлэн наснаас хамаарсан эрсдэл ихэсдэг. Титэм судасны өвчнөөр өвдөж байсан гэр бүлийн түүхтэй бол мөн энэхүү өвчнөөр өвчдөх эрсдэл их байна.
Титэм судасны өвчний оношлогоо
Эрүүл мэндийн түүх, биеийн ерөнхий үзлэг болон доорх оношлогоонуудыг хийнэ:
- Зүрхний цахилгаан бичлэг. Зүрхний шигдээс зэрэг өөрчлөлтийг оношлоно.
- Зүрхний хэт авиан оношлогоо. Энэхүү дүрс оношлогоогоор зүрхний дүрслэлийг харуулах хэт авиаг ашиглаж хийнэ. Зүрхний үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа эсэхийг шинжилнэ.
- Стресс сорил. Тайван байх болон ачаалалтай хөдөлгөөн хийж байх үеийн зүрхний үзүүлэлтийг хэмжинэ. Хөдөлгөөн хийх боломжгүй хүнд үүнийг орлох эм ууж сорилыг хийдэг.
- Зүрхний сэтгүүр. Цавьны артериар сэтгүүр оруулан зүрхний титэм судсанд будагч бодис шахна. Энэхүү будаг нь рентген зурган дээр титэм судас бөглөрсөн эсэхийг харуулна.
- Зүрхний компьютер томографи. Зүрхэнд шохойжилт байгаа эсэхийг шинжилнэ.
Титэм судасны эмчилгээ
Титэм судасны өвчин оношлогдсон үед өвчин үүсэх эрсдэлт хүчин зүйлүүдийг бууруулах болон хянах, зүрхний шигдээс болон тархины цус харвалтын эрсдлийг бууруулах эмчилгээг сонгох нь чухал. Ямар эмчилгээ хийх нь өвчний тухайн нөхцөл байдал, ерөнхий биеийн байдал, ямар эрсдэлт хүчин зүйлүүд байгаагаас шалтгаална. Жишээ нь чихрийн шижин өвчний үед цусан дахь сахарын хэмжээг барих, холестрин ихсэлт, цусны даралт ихсэлтийн эмчилгээ хийнэ.
Амьдралын хэвшлээ өөрчлөх нь тархины цус харвалт, зүрхний өвчнөөр өвчлөх эрсдлийг бууруулна:
- Тамхинаас гарах
- Архиын хэрэглээг бууруулах, зогсоох
- Дасгал хөдөлгөөн тогтмол хийх
- Биеийн жинг хэвийн хэмжээнд барих, бууруулах
- Эрүүл хоолны дэглэм барих (өөх тос, давс багатай)
Эмийн эмчилгээ болон амьдралын хэвшлийн өөрчлөлтөөр өвчний байдал сайжрахгүй бол зүрхэнд очих цусан хангамжийг сайжруулах ажилбарууд хийнэ:
- Баллонтой ангиопласти. Бөглөрсөн артерийг өргөсгөж өөхөн товрууг дарахаар хийгддэг бөгөөд ихэвчлэн судасны урсгалыг чөлөөтэй байлгахын тулд стент суулгах ажилбартай цуг хийгддэг.
- Титэм судасны судас залгах мэс засал. Зүрхэнд хүрэх цусны урсгалыг сайжруулахын тулд хийдэг зүрхний нээлттэй мэс засал юм.
- Enhanced external counterpulsation эмчилгээ. Бөглөрсөн артерийг тойрон жижиг судас өөрөө үүсэхэд нөлөөлдөг ажилбар юм.