Мика Монгол Мика Монгол

Ревматойд артритын эмчилгээний тухай ойлголт

Эмчилгээний гол зорилго нь ревматойд артритын үрэвслийг хянах, өвдөлтийг намдаах, ревматойд артриттай хавсарсан хөдөлмөрийн чадвар алдагдлыг бууруулахад чиглэдэг.

Эмчилгээнд эмийн эмчилгээ, хөдөлмөр засал, физик эмчилгээ, дасгал хөдөлгөөн хийх эмчилгээ орно. Үений өөрчлөлтийг арилгах мэс засал эмчилгээ мөн хийгдэнэ.

Ревматойд артритын хэрэглэгддэг эмүүд

Стеройдын бус үрэвслийн эсрэг эм

Ревматойд артритын эмчилгээний нэг хэсэг болгож өвдөлт, үрэвслийг намдаах зорилгоор хэрэглэнэ. Дунд зэргийн болон хурц явцтай ревматойд артритын үед үенд өөрчлөлт орохоос сэргийлж бусад эмүүдтэй хамт хэрэглэнэ.

Жоргүйгээр олгогддог стеройдын бус үрэвслийн эсрэг эмэнд ибупрофен, напроксен орно. Ихэнхдээ өндөр тунтай, удаан хугацаанд үйлчилдэг, өдөрт цөөн удаан хэрэглэдэг, жороор олгогддог стеройдын бус үрэвслийн эсрэг эмийг ревматойд артритын үед хэрэглэнэ.

Эдгээр эмүүдийг хэрэглэснээр зүрхний шигдээс, цус харвалт болох эрсдэл дагаж явдаг. Мөн цусны даралт ихсэх, ходоод цочирхох, шархлах, цус алдах эрсдлийг нэмэгдүүлдэг.

Эмийн сул тал, өвчинд үйлчлэх сайн тал хоёрыг тооцоолж хэрэглэх стеройдын бус үрэвслийн эсрэг эмийг сонгоно.

Хэрлэгийн эсрэг өвчнийг сайжруулах эм

Ревматойд артритын явцыг удаашруулах, зогсоох зорилготой. Ревматойд артритын эмчилгээнд ихэвчлэн метотрексатыг эхэлж сонгодог бөгөөд ингээд үрэвсэл намдахгүй бол энэ эмийг солих юм уу хэрлэгийн эсрэг өвчнийг сайжруулах бусад эмийг хавсарч хэрэглэдэг. Үүнд hydroxychloroquine (Plaquenil), leflunomide (Arava), sulfasalazine (Azulfidine) ордог.

Ревматойд артритын үед хэт идэвхижсэн дархлалын тогтолцоо нь үе болон биеийн бусад эд эрхтэнрүү довтолдог. Хэрлэгийн эсрэг өвчнийг сайжруулах эм нь эдгээр эд эрхтэнүүдэд нөлөөлөхгүй, зөвхөн тэрхүү дархлалын тогтолцоог өөрчилдөг. Эдгээр эмүүд нь халдвар үүсгэх зэрэг бусад олон төрлийн гаж нөлөөтэй байдаг.

Хэрлэгийн эсрэг өвчнийг сайжруулах эм, тэр тусмаа метотрексат нь хурц хэлбэрийн ревматойд артритад маш сайн нөлөөлж үеийг өөрчлөлтөнд орохоос сэргийлдэг.

Биологийн гаралтай эм

Метотрексат болон бусад хэрлэгийн эсрэг өвчнийг сайжруулах эмүүд өвчний шинж тэмдэг, үрэвслийг дарж чадахгүй байгаа тохиолдолд биологийн гаралтай эмийг хэрэглэнэ. Эдгээр эм нь бол генийн аргаар инженерчилсэн уураг байдаг. Эдгээр уургууд нь дархлалын тогтолцооны тодорхой хэсэгт сонгомлоор үйлчилж ревматойд артритын үрэвслийг дарахад чухал үүрэг гүйцэтгэж өвчнийг удаашруулж, зогсооно.

Биологийн гаралтай эмүүд:

Биологийн гаралтай эмүүд дархлалын тогтолцоог дарангуйлснаар халдварт өртөх эрсдлийг нэмэгдүүлдэг.

Стеройд

Хурц ревматойд артрит, ревматойд артритын сэдрэлийн үед үений өвдөлт, хөшилтийг бууруулахаар стеройдыг хэрэглэнэ. Ихэнх тохиолдолд сэдрэлийг намжаах зорилгоор хэрэглэдэг. Мөн өвдөлт, үрэвслийг сэдрээхгүйн тулд удаан хугацаагаар хэрэглэдэг.

Үенд шууд тарих хэлбэрээр юм уу уухаар хэрэглэдэг. Энэ төрлийн стеройдууд нь булчин томруулдаг стеройдууд биш юм.

Стеройдыг удаан хугацаагаар хэрэглэхэд цусны даралт ихсэх, яс сийрэгжих, чихрийн шижин үүсэх гаж нөлөөнүүд илэрдэг. Зөв зохистой хэрэглэж чадвал стеройдууд нь өвдөлт, үрэвслийг хурдан намдаадаг.

Ревматойд артритын мэс засал эмчилгээ

Үений өвдөлт, үрэвсэл дарагдахгүй, өөрчлөлт ихтэй болвол үе солих мэс засал хийнэ. Ташаан толгой, өвдөг, мөрний үе солих хагалгаа их хийгддэг. Мэс засал хийлгэснээр өвдөлт эрс байхгүй болж хөдөлгөөн сайжирна. Хиймэл үений нас 15-20 жил байдаг учир 50 нас хүртэл хүлээхийг зорьдог.

Шагай зэрэг зарим үений өөрчлөлтөнд хиймэл үе хийх нь тохиромжгүй байх үед үегүйжүүлэх мэс засал хийдэг.

Хөдөлмөр засал, физик эмчилгээ

Хөдөлмөр засал, физик эмчилгээ нь өдөр тутмын амьдралд их өөрчлөлт авчирдаг. Ревматойд артритын эмчилгээний гол хэсэг нь болдог.

Физик эмчилгээгээр дасгал хөдөлгөөн хийх, хүйтэн, халуун жинг тохируулан хэрэглэх, массаж хийх зэрэг эмчилгээ хийгдэнэ.

Хөдөлгөөн заслаар хоол хийх, компьютер ашиглах зэрэг өдөр тутмын үйлдлүүдийг хэрхэн хялбар хийх талаар заалгадаг.

Сэтгэхүйн эмчилгээ

Ревматойд артритын үед өвдөлттэй хэрхэн зохицож амьдрах талаар томоохон асуудал гарч ирдэг. Үүнийг зохицуулахын тулд өвдөлтийн менежментийн сургалт хийгддэг бөгөөд үүнийг сэтгэхүйн эмчилгээ гэдэг.

Энэ эмчилгээний зорилго нь тайвшрах, стрессийг давах, хүчээ нөөцлөх аргуудыг хөгжүүлснээр бие махбод болон сэтгэл санааны хувьд эрүүл чийрэг болох явдал байдаг.

Дасгал хөдөлгөөн, үений өвдөлт, ревматойд артрит

Тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь хамгийн шилдэг арга байх болно.

  • Дасгал хөдөлгөөн хийдэг хүн урт насалдаг.
  • Байнгын дасгал хөдөлгөөн нь ревматойд артритын өвдөлтийг намдаадаг.
  • Яс бат бэх болно. Ревматойд артритын үед яс сийрэгжилт болдог бөгөөд стеройд эм хэрэглэж байгаа үед асуудал улам ихэснэ.
  • Чанга, чийрэг булчин хөдөлгөөн хийхэд хялбар болгоно.
  • Сэтгэл санаа, биеийн эрч хүч нэмэгдэнэ.

Ревматойд артритын байгалийн гаралтай эмчилгээ

Энэхүү эмчилгээг бусад эмийн эмчилгээнийхээ хажуугаар хэрэглэх хэрэгтэй.

  • Халуун, хүйтэн. Хүйтэн жин нь үений хавдалт, үрэвслийг бууруулна. Халуун жин нь булчинг сулруулж цусны урсгалыг сайжруулна.
  • Зүү эмчилгээ. Зүү эмчилгээ нь өвдөлтийг бууруулж өвчин намдаах эм хэрэглэх шаардлагагүй болгодог. Үрэвссэн үений уян хатан байдлыг сайжруулдаг.
  • Сэтгэл санаа, биеийн эмчилгээ. Стрессыг бууруулах, нойр сайжирах, өвдөлтийг хүлээж авах байдлыг сайжруулна. Бясалгал, тайчи дасгал хийх, тайвшруулах зураг дүрс харах аргаар толгойны хөлийн хуруу хүртлэх булчингаа суллах, хэвлийн гүнзгий амьсгал авах дасгал хийнэ.
  • Тэмдэглэл хөтлөх. Өвдөлтийн хүчийг таньж мэдэх, өөрийгөө тайвшруулж өвчнийг даван туулахад тустай.
  • Хоол тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүн. Байгалийн гаралтай нэмэлт бүтээгдэхүүн нь хэрэглэж байгаа бусад эмүүдтэй харшиж болох учир эмчийн зааврын дагуу хэрэглэнэ. Загасны тосон дахь омега-3 өөхний хүчил нь үрэвслийн эсрэг үйлчлэл үзүүлдэг. Мөн өглөөний хөшингийг ч буруулдаг нь судалгаагаар харагдсан. Од хэлбэртэй цэцгийн (borage) тосыг өвчин намдаах эмтэй хамт хэрэглэхэд зовиуруудыг бууруулдаг.

Тамхи татахгүй байх.

Тамхи татдаг хүнд ревматойд артритын эмчилгээний үр дүн буурдаг.