Нүдний алимны цагаан хэсэг болон зовхины дотор ханыг бүрхэж байдаг салст бүрхүүлийн үрэвслийг коньюктивит гэнэ.
Хүүхдэд их тохиолддог. Халдвар ихтэй (сургууль, цэцэрлэгээр хурдан тархдаг) боловч хүндрэл багатай байдаг. Энэхүү үрэвсэл нь нүдний хараанд нөлөөлөх нь бага байдаг.
Эмчилгээг цаг тухайд нь хийж өвчний халдварлалтаас сэргийлж чадвал хүндрэлгүй, хурдан эмчлэгддэг.
Дараах хэд хэдэн шалтгаанаас үүсдэг:
- Энгийн ханиадны вирусууд
- Нян
- Шампунь, тоос шороо, утаа, усны хлорамин зэрэг үрэвсүүлэгч
- Нүдний дусаалгын харшил
- Ургамлын тоос, тоос шороо, утаа зэрэг харшил төрүүлэгч. Нүдний контакт линзнээс харшлах тусдаа хэлбэр мөн үүнд орно.
- Мөөгөнцөр, амёб, шимэгч хорхой
Бэлгийн замын халдварт өвчнөөс шалтгаалж коньюктивит үүсдэг. Заг хүйтэн өвчин нь ховор тохиолдох, хүнд хэлбэрийн нянгийн коньюктивит үүсгэдэг. Хүндэрвэл хараагүй болох аюултай байдаг. Насанд хүрэгчидэд хламидын халдвар нь коньюктивит мөн үүсгэдэг. Хламид, заг хүйтэн болон бусад нянгийн халдвар тээж байгаа эмэгтэй нь төрөх замаар хүүхдэд коньюктивит өвчнийг халдаадаг.
Коньюктивит өвчин нь вирус, нянгаар үүсгэгдэж хүнээс хүнд амархан дамжиж халдварлах бөгөөд эрүүл мэндэд ноцтой өөрчлөлт өгдөггүй. Харин дөнгөж төрсөн нярайд энэхүү өвчин илэрвэл нүдний хараанд нөлөөлж болох учир яаралтай эмчлүүлэх шаардлагатай.
Коньюктивит өвчний ямар төрлүүд байдаг вэ?
Вирусын коньюктивит – хамгийн түгээмэл, халдвар ихтэй хэлбэр. Нэг нүд өвдөж эхлэх бөгөөд нуух, нулимс их гарна. Хэд хоногийн дараагаас нөгөө нүд өвдөж эхэлнэ.
Нянгийн коньюктивит – ихэнхдээ нэг нүд халдварлана. Нүднээс идээт шингэн, салс ялгарна.
Харшлын хэлбэр – нулимс гарах, загатнах, хоёр нүд улайх шинж тэмдэг илэрнэ. Мөн хамар битүүрэх, загатнах шинж дагалдана.
Нярайн коньюктивит – дөнгөж төрсөн нярайд тохиолддог цочмог хэлбэр. Ноцтой нянгийн халдвараар үүсдэг бөгөөд нүдийг гэмтээх болон хараагүй болоход нөлөөлөх аюултай.
Том товруут коньюктивит (Giant papillary) – контакт линз болон хиймэл нүд (нүдний протез) удаан хугацаагаар хэрэглэх үед үүсдэг. Энэхүү хэлбэр нь нүдэнд удаан хугацаагаар байрласан гадны биетийн эсрэг харшлын урвал юм.
Коньюктивит нь ямар шинж тэмдгээр илэрдэг вэ?
- Нүд, дотор зовхи улайх
- Нүдний салст бүрхүүл хавагнах
- Нулимс их гарах
- Нуух гарах
- Ногоон, цагаан өнгөтэй шүүрэл нүднээс гарах
- Нүд загатнах
- Нүд халуу оргих
- Нүд бүрэлзэх
- Гэрэлд мэдрэг болох
- Булчирхай томрох
Коньюктивит өвчнийг хэрхэн оношлох вэ?
Өвчин ямар шинж тэмдэгтэй байгааг асууж мэдэхээс гадна зовхиноос арчдас авч шинжилнэ. Ингэснээр ямар нян, вирусээр үүсгэгдсэнийг мэдэж болно. Тэр тусмаа бэлгийн замын халдварын шалтгаантай үед чухал оношлогоо болно.
Ямар эмчилгээ хийх вэ?
Ямар эмчилгээ хийх нь өвчин ямар шалтгаанаар үүссэнээс хамаарна.
Вирус. Энэ төрлийн коньюктивит нь энгийн ханиадны вирусээр ихэвчлэн үүсдэг. Тийм учраас ханиадтай нэгэн адилаар 4-7 хоногт эдгэнэ. Харин халдвар их тархамтгай байдаг учир тархахаас сэргийлэх хэрэгтэй. Вирусээс шалтгаалсан ямар ч эмгэгт антибиотик эмчилгээ үр дүнгүй.
Нян. Бэлгийн замын халдварын нянгаас эхлүүлээд нянгийн халдварын коньюктивитын үед антибиотикыг нүдний дусаалга, тос, шахмал хэлбэрүүдээр хэрэглэнэ. Шинж тэмдэг арилсан ч эмчилгээг заалтын дагуу хийж дуусгана.
Үрэвсүүлэгч. Үрэвсүүлэгч, цочроогч бодисоос болсон бол нүдийг 5 минут усаар угаана. Ингэхэд 4 цагийн дотор нүдний зовиур намдаж ирдэг. Цайруулах бодис зэрэг шүлтлэг, хүчиллэг бодисоос болсон үрэвслийн үед нүдийг их хэмжээний усаар зайлж угаан эмчид яаралтай үзүүлэх хэрэгтэй.
Харшил. Харшлын эмчилгээгээр зовиур намдах бөгөөд харшил сэдээгч хүчин зүйлүүдээс сэргийлж байх хэрэгтэй. Антигистамины бэлдмэлийг уухаар болон нүдний дусаалгаар хэрэглэх нь зовиурыг хэсэг хугацаанд намдаадаг.
Шинж тэмдгийг дарах ямар аргууд байдаг вэ?
Гараа угаах. Халуун усаар гараа үргэлж угаах хэрэгтэй. Тэр тусмаа хоол идэхийн өмнө.
Нүдээ цэвэр байлгах. Нүднээс гарсан ялгадас, шингэнийг цэвэр хөвөн, цаас ашиглан угааж цэвэрлэж байх. Ингэж цэвэрлэсний дараагаар гараа саван, халуун усаар угаана.
Дэрний уутаа өдөр бүр солих, угаах. Халдварыг арилтал энэ үйлдлийг хийнэ. Нүүр гарын алчуур, дэр зэргийг тусдаа хэрэглэх, нэг удаагийн цаасан алчуур хэрэглэх.
Халдварласан нүдийг хуруу гараараа үрж нухахгүй байх. Ариун цэврийн цаас хэрэглэх.
Нүдний будаг, нүдний дусаалга, контакт линзийг хэрэглэхгүй байх, бусадтай хуваалцаж хэрэглэхгүй байх. Нүдний шил зүүх хэрэгтэй.
Халуун жин тавих. Өдөрт 3-4 удаа халуун устай алчуураар нүдэндээ жин тавина. Ингэснээр өвдөлтийг намдааж сормуусан дээр наалдсан ялгадас, шүүрлээс салахад тустай.
Нүдний дусаалгыг олон хэрэглэхгүй байх. Эмчийн заавраар цөөн хэдэн хоног хэрэглэх хэрэгтэй. Хэтрүүлж хэрэглэвэл нүдний улайлтыг ихэсгэдэг.
Нүдэнд хаалт хэрэглэхгүй байх. Үрэвслийг ихэсгэдэг.
Нүдээ хамгаалах. Тоос шороо, бохир зүйлээс хамгаалах хэрэгтэй.
Хиймэл нулимсан дусаалга нь нүд загатнах, халуу оргихыг намдаадаг. Харин нүд улайлтыг эмчлэнэ гэсэн бусад төрлийн нүдний дусаалга нь нүдийг цочроож үрэвсүүлдэг учир хэрэглэж болохгүй. Халдварлаагүй нүдэнд хэрэглэж байгаа нүдний дусаалгыг хэрэглэж болохгүй.
Ажил, сургууль дээр юу анхаарах вэ?
Вирус болон нянгийн халдварын коньюктивит өвчнөөр хүүхэд өвдсөн бол халдвартай үеийг нь өнгөртөл цэцэрлэг сургуульд нь явуулахгүй. Зовиур намдсан хойно сургууль, цэцэрлэгтээ явж болох бөгөөд ариун цэврийг сайн сахиулах хэрэгтэй.
Коньюктивит өвчин нь хүмүүсийн хамтдаа амьдарч, ажиллаж, тоглож байгаа орчин нөхцлөөр тархдаг. Хэрвээ та компьютерын гар, багаж хэрэгслийг бусадтай хуваалцаж хэрэглэж байгаа бол хэрэглэхийнхээ өмнө гар нүүрээ угаах хэрэгтэй. Ханиад томууны улирлын үед илүү их анхаарах хэрэгтэй.
Коньюктивитын үед ямар хүндрэл гардаг вэ?
Коньюктивит өвчин нь өөрөөрөө эдгэх юм уу эмийн эмчилгээнд хүндрэлгүйгээр хурдан эдгэдэг. Харин зарим хэлбэрийн коньюктивит нь эвэрлэг бүрхүүлийг соривжуулж хараанд нөлөөлөхөөр ноцтой байдал үүсгэдэг. Заг хүйтэн, хламид, аденовирусын зарим төрлүүдээр үүсгэгдсэн коньюктивит үүнд орно.
Вирусээр үүсгэгдсэн коньюктивит нь 2-3 долоо хоногт эмчлэгддэг. Нянгаар үүсгэгдсэн коньюктивит нь антибиотикоор хурдан эмчлэгддэг.
Гэрийн нөхцөлд ямар арга хэмжээ авах вэ?
Коньюктивитын шинж тэмдгийг намдаад дараах хялбар аргууд байдаг:
Жин тавих. Зөөлөн алчуурыг хүйтэн усанд базаж аньсан нүдэн дээр тавина. Нүдэнд зовиур өгөхөөргүйгээр зөөлөн дарна. Жингээр дамжин халдвар тархах учир өвчтэй нүдэнд хэрэглэсэн жинг эрүүл нүдэнд хэрэглэхгүй. Халуун жин таарч байвал халуун жинг хэрэглэж болно. Хэтэрхий халуун байх юм бол зовиурыг улам нэмэгдүүлнэ.
Нүдний дусаалга. Загатнах зовиурыг нүдний дусаалга намдаадаг. Нүдний дусаалгыг хэрэглэхдээ:
- “Чийгшүүлэх”, ”хиймэл нулимс” гэсэн нүдний дусаалга авах
- “Нүд улайхыг эмчилнэ” гэсэн шошготой нүдний дусаалгыг авч хэрэглэхгүй байх. Энэ дусаалга нь өвчний шинж тэмдэггүй танигдахгүй болгодог.
- Харшлын гаралтай коньюктивитын үед нүдний дусаалгыг хөргөж хэрэглэнэ.
Контакт линз зүүхгүй байх. Өвчин намдтал контакт линз зүүхгүй байх. Өмнө нь хэрэглэж байсан контакт линз, хадгалах сав хайрцагт нян, вирус халдварласан байж болох тул хаях хэрэгтэй.
Угаах. Харшлын гаралтай коньюктивитын үед хувцас, дэрний уутыг угааж цэвэрлэх нь ач холбогдолтой. Мөн унтахын өмнө усанд орох нь тус болно. Харшлын эх үүсвэрийг тогтоосон бол үүнээс сэргийлэх нь чухал.
Урьдачилан сэргийлэх
Коньюктивитээр өвчилсөн тохиолдолд гэр дотроо халдварын тархаахгүйн тулд дараах арга 2 чухал алхамыг мэдэж байх хэрэгтэй:
- Гараа тогтмол угаах
- Нүдэндээ гараа хүргэхгүй байх
Нүүр гарын алчуур, дэрний уутаа тогтмол сольж халуун усаар угааж цэвэрлэж байх хэрэгтэй. Нүүр гарын алчуур, дэрний уутаа тусдаа хэрэглэх хэрэгтэй.