Мөрний остеартритын нь өвдөлт үүсэх, хөдөлгөөн хязгаарлагдах шинж тэмдгээр явагдах бөгөөд энэ өвчний эрсдэл нас ахих тусам ихэсдэг. Гэхдээ мөр мултрах зэрэг гэмтэл нь залуу хүмүүст ч гэсэн остеоартрит өвчин үүсэхэд хүргэдэг.
Мөр нь далны маяа эгэм хоёр уулзсан үе, бугалга дал хоёр уулзсан үе гэсэн 2 үенээс тогтдог.
Ямар хүмүүст мөрний остеоартрит тохиолддог вэ?
50-иас дээш насны хүмүүст ихэвчлэн тохиолдоно. Залуу хүмүүст мөрний хугарал, мултрал зэрэг гэмтлээс үүсдэг. Үүнийг гэмтлийн дараах артрит гэж нэрлэдэг. Удамшлын хүчин зүйл бас нөлөөлдөг.
Мөрний остеартритын үед ямар шинж тэмдэг илрэх вэ?
Остеоартрит өвчний бусад төрлүүдийн адилаар өвдөлт бол гол шинж тэмдэг. Мөрөө хөдөлгөх юм уу, хөдөлгөсний дараа өвдөлт илэрдэг. Унтаж байхад ч мөн өвддөг.
Өөр нэг шинж тэмдэг нь хөдөлгөөн хязгаарлагдах явдал юм. Гараа хөдөлгөхөд хөдөлгөөн нь хязгаарлагддаг. Энэ нь тухайн хүний гарыг өөр хүнээр хөдөлгүүлэхэд илэрхий мэдэгддэг. Мөрийг хөдөлгөхөд шажигнах чимээ мөн гардаг.
Мөрний остеоартритыг хэрхэн оношлох вэ?
Мөрний остеоартритыг оношлохын тулд өвчний түүхийг асуух болон өвдөлт, булчингийн чангарал, хөдөлгөөний өөрчлөлт, зөөлөн эдэд илрэх бусад шинж тэмдгүүдийг үзэж шинжлэх аргаар оношлоно. Ингэснээр хөдөлгөөн муу хийсний улмаас үе орчмын булчингийн хатингаршил, сулрал бий болсон байх нь элбэг. Дараах оношлогоо мөн хийгддэг:
- Рентген оношлогоо
- Цусны шинжилгээ
- Синовалийн шингэнээс авч шинжлэх
- MRI оношлогоо
Мөрний остеоартритыг хэрхэн эмчлэх вэ?
- Мөрний үеийг суллах. Амьдралынхаа өдөр тутамд хийдэг зүйлсийг хийхдээ гарын хөдөлгөөнийг бага оролцуулдаг болох явдлыг хэлнэ. Жишээ нь толгойноосоо өмсдөг цамцны оронд цахилгаантай цамц өмсөх, үс хатаагчаа удаан барьж зогсолгүй юманд өлгөх юм уу түшүүлж тавьж хэрэглэх зэрэг юм.
- Стеройдын бус гаралтай үрэвслийн эсрэг эм хэрэглэх. Ибупрофен, аспирин зэрэг энэ төрлийн эмүүд нь үрэвсэл, өвдөлтийг дарна.
- Физик эмчилгээ хийлгэх. Эмчийн зааврын дагуу хийлгэнэ.
- Сунгалтын дасгал хийх. Үений уян хатан байдлыг сайжруулна.
- Халуун жин хэрэглэх
- Хүйтэн жин мөрөн дээр тавих. Үрэвсэл өвдөлтийг намдаахын тулд өдөрт 2-3 удаа 20 минутаар тавина.
- Эмийн эмчилгээ хийлгэх. Үүнд кортикостеройдын тарилга зэрэг эмүүд орно.
- Глюкозамин, хондройтины хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх. Эдгээр бэлдмэлийг хэрэглэснээр ихэнх хүмүүст зовиурыг намдаадаг. Хэрэглэж байгаа бусад эмийн бэлдмэлүүдтэй харшилж болох учир эмчийн заавраар хэрэглэнэ.
Мэс заслын бус эмчилгээ үр дүнгүй байвал дараах мэс засал эмчилгээнүүдийг хийнэ:
- Мөрний үеийг солих мэс засал. Мөрний үеийг бүхлээр нь хиймэл үеэр солино.
- Бугалганы толгой хэсэг болон ясны дээд хэсгийг солих мэс засал
- Эгэмний ясны төгсгөлөөс жижиг хэсгийг авах мэс засал.